Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Монголын үндэсний ардчилсан намууд хамтарч, "ШИНЭ" эвсэл байгуулсан. Тус эвсэлээс өнөөдөр УИХ, Засгийн газарт санал хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын эсрэг Засгийн гараас авахаар төлөвлөж арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдэгдэлд долоон арга хэмжээ тусгасан байна. Үүнд 5.1 их наяд төгрөг буюу улсын төсвийн 50 хувьтай тэнцэх мөнгө шаардагдахыг мэдээлсэн. 

"ШИНЭ" эвсэл Засгийн газраас авах энэ арга хэмжээг ерөнхий агуулгаар нь дэмжиж байна. Мөн тодорхой зарим арга хэмжээг нэмж авах шаардлагатай гэж үзэж байна. 

Нэгдүгээрт, түрээслэгчдийн эрхийг хамгаалах, тэдэнд учирч буй хохирлыг бууруулах чиглэлтодорхой бодлого ороогүй байна. Нарантуул, Хүчитшонхор, Хархорин, Сандэй, Өгөөмөр захууд, Өмнөговьт машин түрээслэдэг 15-20 мянган жолоочийн эрх ашгийг хамгаалах асуудал засгийн газрын бодлогод тусгагдаагүй. Иймд түрээсийн төлбөрийг 3-6 сараар чөлөөлөх, хойшлуулах асуудалд Засгийн газар бодлого гаргах нь зүйтэй.

Хоёрдугаарт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 800.000 жижиг, дунд үйлдвэр, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан 1-3 хувийн хүүтэй, хоёр жил хүртэлх хугацаатай онцгой нөхцөлтэй зээлийн багц гаргахыг санал болгож байна.

Гуравдугаарт, Бүх өрхөд онцгой нөхцөлийн тэтгэмж олгох өрхийн орлогын дүнд суурилсан тэтгэмж нь өргөн хэрэглээний хүнс, эм тариаг тусгай талонаар олгох хэлбэрийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байна.

Дөрөвдүгээрт, Ипотекийн зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулах нь зүйтэй. 

Тавдугаарт, Бензин, шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр эрс хямдарсан учраас Монгол Улсад 40-50 хувиар үнийг нь буулгах боломжтой гэж үзэж байна.

Зургаадугаарт, Дотоодын худалдан авалт, борлуулалтыг бодлогоор дэмжих шаардлагатай гэсэн саналуудыг Засгийн газарт хүргүүлж байна" хэмээн мэдэгдлээ.