Араар тавилт хэдэн мянган жилийн өмнөөс эхэлсэн үү, одоо л газар авсан уу гэдгийг нарийн хэлэх аргагүй. Ямартай ч өнөө цагт Монголын нийгэмд араар тавилт залуучуудын дунд хүртэл элбэгшсэнийг хэн бүхэн мэднэ. Залуучууд гэр бүл болохоосоо ч өмнө “Угаасаа насаараа нэг хүнтэй унтана гэж юу байдаг юм” гэх болж. Эрэгтэй хүн ихэвчлэн араар тавьдаг гэдэг ойлголт ч одоо худлаа болсон шиг. Эмэгтэйчүүдэд “Угаасаа нөхөр минь намайг араар тавих нь тодорхой. Тийм юм чинь би ч дутахгүй”, “Баригдахгүй л бол нэг шөнийн жаргал зүгээр шүү дээ” гэсэн ойлголт дэндүү залуугаас нь суужээ.

Энэ мэт ойлголттой зэрэгцэн “сэтгэлээр хуурах” гэдэг шинэ зууны шинэ араар тавилт гарч ирэв. Одоо цагт араар тавихыг бие болон сэтгэлийн гэж хоёр ангилна гэсэн үг. “Биеэр хуурах”-ыг бол хэн хүнгүй мэднэ. Эхнэрийнх нь бие зүс өөрчлөгдөж, бие нь өвддөг болсон, сонирхол нь буурсан гэх мэт өрөвдөлтэй шалтгаар эрэгтэйчүүд эхнэрийнхээ дутууг өөрөөс эрдэг. Залуу хүмүүс байсан ч хамаагүй. Эмэгтэйчүүдийн шалтгаан ч олигтой биш. Тэр болгоныг энд тайлбарлах илүүц.

Бид өнөөдөр “сэтгэлээр хуурах”, түүний үр нөлөө, үе шатыг судлах болно. Товчхондоо бол энэ нь “Найзын хил хязгаараас хальсан харилцаа” юм. Харин шинэ зууны хэмээн онцолсны учир нь ухаалаг гар утас, интернеттэй холбоотой. Тодруулбал, олон нийтийн сүлжээ, чатлах аппууд амрагуудын “гүүр” болдог аж. Ажлын газрын, бүрэн дунд, их сургуулийн танил, хаа нэгтээ танилцсан гээд ямар ч хүрээллийн хүмүүс биенээ шохоорхож болно. Гэхдээ шохоорхлыг араар тавилт гэж болохгүй. Сэтгэлдээ тээж, дурсаж, хайрлаж явдаг хүнтэй хүн олон бөгөөд үүнийг араар тавилт гээд хэлчихэж болохгүй гэнэ. Харин энэ бодол нь биелэл, алхам болж хувчирсан үйлдлийг араар тавилт гэдэг юм.

Харин энэ бодол нь биелэл, алхам болж хувчирсан үйлдлийг араар тавилт юм.

Сэтгэлээр хуурах нь шохоорхсон хүнтэйгээ ижил сонирхолтой, дуусашгүй ярианы сэдэвтэйгээ мэдэх. Улмаар фэйсбүүк, инстаграм, снайпчат, уичат, ваябэр юу л байна, аль нэгээр нь найзууд болсноор эхний алхам биелнэ. Тэр хүний профайлыг үзэж лаяк, зүрх дарна. Удалгүй чаталж эхэлнэ. “Юу байна хөөрхөн өө” гэж эхлэхгүй нь ойлгомжтой. Гэмгүй найзууд, танилууд шиг л эхэлнэ.

Хамгийн гол нь та энэ харилцаагаа эхнэр, нөхөр, найз залуу, охиндоо мэдэгдэхийг хүсэхгүй. Харилцаанд тань сэв суулгахыг та мэддэг. Тэр хүний профайлыг үзэж байхад хайртай хүн чинь өрөөнд ороод ирвэл та шууд гаргана. Чаталж дуусаад устгана. Магадгүй бүр чаталдаг аппаасаа аккаунтаа салгана. Үүнийг товчхондоо араар тавилт гэдэг ажээ. Жишээлбэл, та эхнэрээ гомдооно гэдгээ мэдсэн хэрнээ өөр эмэгтэй хүнтэй дотноссон байна. Дээрээс нь та нуусан байна. Ингээд л араар тавилт болж байгаа юм.

Чаталж эхэлсэн ихэнх харилцаа сексээр өндөрлөдөг.

Гэр бүл судлаачид сэтгэлээр хуурах нь биеэр хуурснаас илүү муу үр дагавартай гэж тодорхойлдог. Chatting or Cheating: How to Detect Infidelity, Rebuild Love and Affair-Proof Your Relationship (Чаталж байна уу, Хуурч байна уу: Урвалтыг хэрхэн тодорхойлж, хайрыг эргэн барьж босгож, урвалтаас сэргийлэх вэ) номын зохиолч Шери Мейерс “Хоёр хүн чатлахдаа нөхөртөө, эхнэртээ хэлдэггүй, тэдэнтэй ярьдаггүй зүйлсээ хуваалцдаг. Тэд үерхэх, уулзах, сексдэх талаар төсөөлдөг. Чаталж эхэлсэн ихэнх харилцаа сексээр өндөрлөдөг юм. Энэ хэзээ ч гэмгүй харилцаа биш” хэмээжээ.

Биеээр хуурснаас илүү аюултай гэж эрдэмтэд тодорхойлсны шалтгаан энгийн. Нэг шөнө хуурсан, нэг хэсэг хуурсан хүмүүс бие биедээ хайртай болох нь ховор. Эцсийн дүнд гэр бүлдээ үнэнч байхыг сонгодог. Нэг шөнө унтсан бол дийлэнх нь дахиж уулзахыг боддоггүй. Харин сэтгэлээр хуурах нь удаан хугацаанд үргэлжилж, бие биедээ дасаж, дурлаж, бүр хайрладаг байна. Тиймээс л больж чаддаггүй ажээ.

Ийм байдлаар араар тавиулсан хүн сургамж аваад үлдэж чаддаггүй, тэгэх ч боломжгүй. Нэгнийхээ бүх сошиал хаягийн нууц үгийг мэддэг, хоногийн 24 цаг тэр бүрийг нь хянаж чадахгүй. Тоо томшгүй, түм буман чатлах апп байдаг болохоор яг алийг нь хэрэглэдгийг мэдэх боломжгүй. Харин биеээр араар тавьж байгаа хүн кинонд гардаг шиг “томилолтоор”, “загасанд” явж, шөнө сураггүй болдог шүү дээ. Ерөнхийдөө барих боломжтой.

Сургамж аваад, урвалтаас дахин сэргийлж чаддаггүй болохоор уучилж, итгээд үлдэхээс өөр аргагүй гэнэ. Тиймдээ ч биеэр хууруулснаас сэтгэлээр хууруулсан нь илүү хүнд тусаж, удаан хугацаанд шаналгадаг.

“Зүгээр л мессеж”, “Зүгээр л чаталсан, нэг ч уулзаагүй” гэдэг бол шалтаг биш. Хүний муу эхэндээ танигддаггүй. Тэр дундаа бие биенээ шохоорхож байгаа хүн бол аль болох ойлгох, хүлээн зөвшөөрөх, бага анхаарах хандлагатай байдаг. Тиймээс сүйт хүн, эхнэр, нөхрөөс илүү санагддаг байна.

Умард Калифорнийн Хосуудын төвийг үүсгэн байгуулагч Гал Шекели “Хувийн орон зай гэж байх ёстой. Хүмүүстэй танилцахыг буруутгахын аргагүй. Зүгээр л хил хязгаар гэж байх ёстой” хэмээлээ. Чаталж болно, хайртай хүнээсээ нуухаар зүйл битгий ярилц, устгахаар их хэмжээгээр битгий бич гэсэн үг.

Сүүлийн үед хүмүүс “Зургаа явуулаач” гэдэг болсон аж. Энэ бол хайртай хүнээсээ өөр хүний, зөвхөн өөрт нь зориулж авсан зургийг харж баясан, урваж буйн хүнд хэлбэр. “Сайн уу” гэж эхэлсэн бол гүнзгийрч “Юу хийж байна” болдог. “Зураг явуулаач” гэдэг нь хүндэрч “Нүцгэн селфи явуулаач” болох энүүхэнд.

Гэр бүл судлаачид ямар нэгэн төрлийн араар тавилтаас сэргийлэхийн тулд өөрийгөө таньж мэдэхийг зөвлөж байна. “Миний харилцаанд юу дутуу байна вэ, би юу хүсээд байгаа юм бэ, бидний харилцаа цаашид үргэлжлэх үү, засаж залруулж, эргээд хайрлах боломжтой юу” гэх мэтээр асуугаарай. Насан туршдаа хайрлаж, хамт байх хүнээ сонгосон бол зам зуурын жижиг хүмүүсээс болж гомдоохоос сэргийлэх хэрэгтэй.

Залуучуудын гэр бүл салалт ихсэж, өнчин хүүхдүүд нэмэгдсээр байгаа энэ цагт харилцаагаа, нандин бүхнээ алдахгүйг хичээх нь бидний үүрэг.