Шинэ жил, энэ шинэ жил... Итгэл найдвараар далавчлан жигүүрлэсэн энэ шинэ жил таны өмнөөс ээжийгээ тосон гүйх эрх жаахан хүүхэд шиг, анхны болзоондоо гэрэвшин догдлон ирж яваа идэр хонгорхон нас шиг, бараантаж хоцорсон мөр болгоныг цайруулан цавцайлган будрах хөвсгөр зөөлөн цасан ширхэг шиг... Цаанаа л нэг ариухан, ер бусын, гойд шинэ, аз жаргал болгоныг амлан байж, угтан айсуй мэт санагдана. 

Май энэ байна, гардаад ав даа хэмээн өөдөөс тан алга тэнийн барих ганц зураас татаагүй гурван зуун жаран таван хуудасны бүр эхнийх дээр аз жаргал, зөвхөн аз жаргал хэмээн мэрийн мэтгэн бичээрэй, хөхин баясан мишээгээрэй хэмээн захин байж хэлэх мэт санагдана. 

Босгон дээгүүр нь хөл тавин алдаж буй шинэ жилийн эхний тэр агшинд оргилсон сэтгэл, оргилуун дарс, хурайлах дуун нэгэн зэрэг хийморь даллан эхэлнэ. Шинэ жил, энэ шинэ жил, их урмын нэгэн жил тийнхүү хором тоолон эхэлнэ.  

Амны билгээс ашдын билэг хэмээж, сайн бүхнийг урин залдаг ёс төрч монгол түмэн төдийгүй дэлхий дахинаараа хорин нэгдүгээр зууны хорин хоёр оныг итгэлийн их даллагатайгаар угтан авч байна. Өрнийн зурхайчид 2022 оноос бид юу хүлээж болох вэ гэснээ, “we can expect healing, mending and progress” хэмээн хариулжээ. Юутай сайхан билэг төгс үг вэ! Өвчин зовлон илааршина, өө согог засарна, тэр байтугай улам хөгжинө хэмээсэн хэрэг. Үүнээс илүү урам төрүүлэх өөдрөг, хүсэн хүлээхүйц үг хэллэг гэж өөр хаанаас юу байх билээ! 

Шинэ жилээ баясан бахдан угтахдаа, бас ч гэж хулжин одох хуучин жилээ эргэн нэг харж, инээмсэглэн байж үдээрэй хэмээх сургаал нэгэн үг бий. Хүн төрөлхтний амьдралыг тэр чигээр нь хувиргах, дэлхийн улс орнууд хүчирхэг, буурайгаасаа эс хамааран чичирч доргих тийм дэлбэрэлтийн гэмээр өөрчлөлт ганцхан жилийн дотор багтаж гарна хэмээн хаанахын ямар алдартай шинжлэх ухааны байгууллага, цуутай мэргэд цэцэд урдаас онож тааж хэлсэн билээ. Тоймлож таах, хүний тархи толгойд багтах тийм үзэгдэл энэ биш байв. 

Монголчууд бид л гэхэд, нэр нь хувирч асан ч, ёс нь тасарч үзээгүй цагаан сараа хийхгүйгээр, аав ээж, ахас ихэстэйгээ золгохгүйгээр өнгөрч болдог гэдгийг үзэхээс аргагүйдэв. Зуун дамжихдаа алгасаагүй их баяр наадмаа дан ганц зурагтаар аргацаан өнгөрөөж болдог гэдгийг бас үзэв. Очих гэж хөл алддаг, виз авах гэж арга яддаг баруун Европын олон орон, Америк, Япон, Солонгосоос нэгэн жилийн турш эх орон руугаа ирэх гэж хэрхэн яаж тэмцэлдэн зүтгэв, одоо ч мөн ялгаагүй, горьдлогын харц бэлчээсэн мянга мянган хүн хилийн чанадад хоног тоолон хүлээсээр л байна. “Сэгсгэр ч бол ижий минь, сиймхий ч бол гэр минь” хэмээн хэн гэдэг аавын хүү, хэзээ нэгэн цагт огт дэмий шүлэглээгүй гэдгийг ойлгохоороо нэг болов. 

Эх орноороо тэр бүр явдаггүй, хаана нь ямар гэгч агуу гайхамшигт уул ус, ургамал ногоо, газар нутагтайгаа төдийлөн таньж мэддэггүй байснаа ухаарч авсан нэгэн жил болж улиран өнгөрөв. 

Эрүүл энх, элэг бүтэн, өвгөд эмгэдийнхээ үг сургаалыг сонссон шиг, үр хүүхдүүдийнхээ хөгжмийн эгшиглэн мэт эрхлэх тоглох дуун, инээд хөөрийн дунд гэр бүлийн аз жаргалыг эдлэн байх шиг хорвоогийн тийм их хишиг буян, хувь заяа тэр бүр байдаггүй гэдгийг ахин дахин ухааруулж уламжлуулсан нэгэн жил болж өнгөрөн одов.

Ирэх жилд дэлхийн 7.8 тэрбум хүн хараа тавин үзэх их хөлийн тэр бүх үйл явдал энэ жил саад тотгоргүй, номын ёсоор болоосой билээ.

Хорин нэгдүгээр зууны, хорин хоёрдугаар оны алтан босгоор монгол түмэн өөдрөг бодол, ирмүүн тэмүүлэлтэй, ёслол төгөлдөр алхалсаар, итгэл төгс орж байна.

Урин залж, угтан золгож буй шинэ жил –энэ шинэ жил аврал ерөөлөөр дүүрэн, аз жаргалаар бялхан байх болтугай хэмээн бие биедээ инээд баясал, мишээл цэнгэл гэрэлтүүлэн байж, сэтгэл дотроо цэлмэтэл тэнийтэл хэлцгээе!

Идэр есийн жаврыг дарж, их хүйтний эрчийг номхотгож, сэтгэл зүрхийг ямагт хөглөн хөгжөөгч шинэ жилийн, жил жилийн алс оддын жингэнээ мэт гэгээн тунгалаг ая эгшгээ халуун зуураа хангинатал цангинатал өргөцгөөх болтугай!


До.Чулуунбаатар