Ээлж дараалан гарсаар байгаа малын гоц халдварт өвчний вакцин сүүлийн үед асуудал дагуулаад байгаа билээ. Хэд хоногийн өмнө шүлхий гарсан малыг тус вакцинаар тариулсан ч өвчилсөн байсан юм. Тиймээс шүлхий өвчин туссан малаас дээж авч нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулжээ. Одоогоор шинжилгээний хариу ирээгүй юм. Мөн энэ удаагийн шүлхийн тархалтад таарсан вакциныг есдүгээр сарын 28-нд ОХУ-аас нийлүүлэх аж.

Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг ”Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас буцалтгүй тусламжаар 4,1 сая тун вакциныг нийлүүлэхээр болж, эхний ээлжийн вакцин долдугаар сард ирсэн. Харин дараагийн ээлжийн вакцин есдүгээр сарын 28-нд ирнэ.  Сүүлийн үед чанаргүй вакцин тарьсан гэх мэдээлэл гарах болсон. Энэ асуудлыг шалгуулахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж материал мэдээллээ хүргүүлсэн. Мөн тус вакцины дээжийг олон улсын лабораториор шинжлүүлэхээр болсон. Шинжилгээний эцсийн хариу ирээгүй байна. Шалгалтын үр дүн гарсны дараа буруутай этгээдэд хууль хяналтын дагуу хариуцлага тооцно” гэсэн юм.