ШУТИС-ийн оюутан менингит өвчний халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа аж. Одоогоор оюутны биеийн байдал сайжирч, эдгэж байгаа гэх мэдээллийг ХӨСҮТ өглөө. 

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад

"1 оюутан мeнингитийн шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-хэвтэн эмчлүүлж байгаа. Лабораторийн шинжилгээ гарахаар тодорхой болно" гэв.

МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРЫН талаар мэдвэл зохих зүйлс

Өвөл хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. Менингококкын халдварын хамгийн хүнд хэлбэрийг нь манайхан гол төлөв хар яриандаа цахилгаан менингит гэж ярьдаг. Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Эдгэрсний дараа 3 долоо хоног орчмын хугацаанд хүн нян тээгч байдаг. Иймд менингококкын тээгчид маш олон байдаг. Зарим судалгаагаар зургаан хүн тутмын нэг нь энэ нянгийн тээгч байдаг аж. Өвдсөн хүмүүс нь өвчний эхний үед микробыг гадагш нь ихээр ялгаруулдаг.

Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг.

Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.