НИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өчигдөр болж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 56.8% нь дэмжиж сонгосон. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг өнөөдөр батламжилсан болохыг НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв. 

Тэрээр Нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ албан ёсоор хүлээж авлаа. Ерөнхий сайдын шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уншиж танилцуулав. Тамгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гардуулж өглөө. 

Тамгаа гардан авсны дараа тэрээр "Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Нийслэлийн иргэд оршин суугчид бид шат шатандаа сайн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, агаар усны бохирдол, замын түгжрэлийг багасгах, иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг зөв явуулах гээд олон асуудлууд байгаа учраас энэ бүхнээс ажлаа үргэлжлүүлээд цааш нь хийгээд явна. Хотын асуудлыг мэдэх хүндрэл бэрхшээлийг үүрээд явж байгаа хүний хувьд хийх ажил их байгаа учир хамгийн түрүүнд шийдэж болох бодитой үр дүн гарах ажлууд дээр анхаарч ажиллана. Мэдээж хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага аль аль шатандаа сул байна, ёс зүй асар дорой байна. Төрийн албан хаагчид бүх шатандаа хариуцлагатай байх юм бол төр захиргааны байгууллага бүтээлч ажиллаж чадах юм бол нийслэлчүүд бидэнд шийдэж болохгүй асуудал гэж байхгүй. Тэгэхээр хариуцлагаас бүх зүйлийг эхэлнэ" гэв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг видеоноос үзнэ үү.