Голден Стэйт Уорриорс багийн хамгаалагч Стефен Көрри Бямба гарагт Мэмфис Гриззлис багийн эсрэг хийсэн тоглолтондшүдний хамгаалалтаа шүүгч рүү шидсэн билээ. Тэгвэл NBA-ийн удирдлага өнөөдөр Стефен Көрриг тэрхүү үйлдлийнх нь төлөө 50 мянган ам.доллароор торгох шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ. Юутай ч тоглолт өнжүүлэх шийтгэл оногдуулсангүй.

Көрри тус тоглолтын дөрөвдүгээр үед оролт хийх үед шүүгч алдаа үлээгээгүй учир уурлаж, шүдний хамгаалалтаа шидсэн юм.

Мөн тус багийн тоглогч Андре Игуодалаг шүүгчтэй зүй бус харьцсан гэсэн шалтгаанаар 15 мянган ам.доллароор торгохоор болсон байна. Тус үйл явдлын үеэр тоглолтоос хөөгдсөн өөр нэг тоглогч болох Кэвин Дурантад ямар нэг шийтгэл оногдуулсангүй. Дурант талбайг орхих үедээ үзэгчид рүү аваргын бөгж зүүсэн хуруугаа гозойлгосон билээ.

Стефен Көрриөмнө нь 2016 оны NBA-ийн финалд шүдний хамгаалалтаа үзэгчид рүү шидэж 25 мянган ам.доллароор торгуулж байсан юм.