Peak.mn
11 сарын 25, 2019
БЭЭЖИН. /Nikkei/. БНХАУ, АНУ энэ чухал цаг үед харилцаа холбоогоо бэхжүүлж, үл ойлголцол, буруу ташаа мэдээллээс зайлсхийх хэрэгтэй гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжертэй уулзах үеэрээ хэлжээ.
БНХАУ-АНУ-ын харилцаа бэрхшээл, сорилтуудтай тулгарсан чухал цаг үед ирснийг Си Жиньпин онцлоод, хоёр талын харилцааг зөв чиглэлд хөгжүүлэхийг уриалсан байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгрессын хоёр танхим Хонконгийн Хүний эрх ба ардчиллын тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурах үлджээ. Харин Бээжингийн засаг захиргаа уг арга хэмжээг хүчтэй эсэргүүцсэн байна. Коммунист намын “People's Daily” сонинд, уг хуулийн төслийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн хий дэмий оролдлого хэмээн тэмдэглэжээ.
Бээжингийн хувьд харилцаа холбоо нэн түрүүнд хэвээр байгаа бөгөөд хоёр талын харилцааг дахин муудахаас сэргийлэхийг эрмэлзэж буйг Си Жиньпиний хэлсэн үг харуулсан байна. Х.Киссинжер БНХАУ-ын даргад хандан, би сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Хятад улсад 100 орчим удаа ирж, Хятадын агуу өөрчлөлтийг нүдээр үзсэн хэмээгээд, хоёр талын харилцаанд сэв сууж байсан хэдий ч бүх цагийн үеийн турш хөгжсөөр ирснийг онцолсон байна.
Д.Трамп 1970-аад оны үед АНУ-БНХАУ-ын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн Х.Киссинжерээс гадаад бодлогын талаарх зөвлөгөө авсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байсан юм. Х.Киссинжер, Си Жиньпин нар сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятадад уулзжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.