Хятадын төрийн тэргүүнийг Ерөнхийлөгч гэхээ болино

Х.Оргил
08 сарын 22, 2020

АНУ-ын хууль тогтоогчид нэгэн хуулийн төсөл (The Name the Enemy Act) санаачилсан нь Хятадын төрийн тэргүүнийг Ерөнхийлөгч гэж нэрлэхийг хориглох тухай заасан байна. Хэрэв уг хууль батлагдвал холбооны бүх засгийн газрын баримт бичгүүд, харилцаа холбооны хэлбэрүүдэд Хятадын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэж нэрлэж байхаар болно.

Пеннсилвани мужийн төлөөлөгч Скотт Перригийн санаачилсан уг хуулийн төслийг Конгрессийн энэ чуулганаар хэлэлцэж амжихгүй байж магадгүй байна. Учир нь түүнээс илүү чухал тухайлбал хүчээр хөдөлмөр эрхлүүлэх асуудал, худалдааны асуудал, АНУ-ын хөрөнгийн биржэд бүртгэлтэй Хятадын компаниудын асуудал гэх мэт Хятадтай холбоотой олон асуудал Конгрессийн ширээн дээр байгаа юм байна.

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нь одоогоор гурван албан ёсны цол хэргэмтэй бөгөөд тэдний аль нь ч Ерөнхийлөгч гэсэн нэргүй юм байна. Түүнийг Төрийн тэргүүн (guojia zhuxi, англиар “state chairman”), Цэргийн төв хорооны дарга, мөн Хятадын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэж албан ёсоор дууддаг юм байна.

Англи хэлтэн улс орнууд төрийн тэргүүнээ ихэвчлэн ерөнхийлөгч гэж нэрлэдэг. Тэгвэл Хятад улсын хувьд тэгж дуудах нь зохимжгүй гэж шүүмжлэгчид үздэг байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сүүлийн үед Ши Жиньпинийг "ерөнхийлөгч" гэж дуудахаа больж Хятадын коммунист намд түүний гүйцэтгэж байгаа үүргээр нь "ерөнхий нарийн бичгийн дарга" гэж дуудах болсон билээ.

Холбоотой сэдвүүд

ану бнхау хятад шижиньпин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.