АНУ-ын тагнуулын U2  нисэх онгоц Өмнөд хятадын тэнгис дэх маргаантай газар нутгийн нислэгийг хориглосон бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэнд анхааруулга болгож БНХАУ хоёр пуужин өчигдөр харвасан байна. Хятадын Ардын чөлөөлөх арми уг тэнгисд жинхэнэ сумаар тэнгисийн цэргийн сургууль хийж байх үеэр Америкийн онгоц ийнхүү ойртож ирсэн байна.

4,000 км-ийн тусгалтай газар болон усан дах байнд цохилт өгөх, цөмийн хошуу тээх чадалтай DF-26 пуужинг баруун хойд Цинхай мужаас, нөгөө нь 1,800 км-ийн тусгалтай DF-21 пуужинг Жөжиан мужаас Өмнөд хятадын тэнгис дэх Хайнан арал болон Парсэлийн арлуудын дунд орших далайн ус руу харвасан байна.

Өмнөд хятадын тэнгисд АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоц, цэргийн нисэх онгоцууд нэвтрэх нь ихэсч байгаа юм. Өчигдөр АНУ-ын Засгийн газар Хятадын 24 аж ахуйн нэгж үүний дотор Өмнөд хятадын тэнгисд Филиппины эрэгт ойрхон хиймэл арал бий болгож, түүн дээр цэргийн байгууламж барихад оролцсон төрийн өмчид барилгын компаниуд болон тэдгээрийн захирлууд, гэр бүлийн гишүүдийг хар жагсаалтад оруулснаа мэдэгдлээ.