С.Мөнхбаярлах: Харшил бол аюултай, хүндрэл өгвөл амь эрсдүүлдэг өвчин

Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор, харшлын эмч С.Мөнхбаярлахтай нарны болон ургамлын харшил, харшлын сэдвээр ярилцлаа.

-Нарны харшил наранд түлэгдэх хоёрыг хэрхэн ялгах вэ?

-Нарны харшил наранд түлэгдэхээс арай өөр шинж тэмдэгээр илэрнэ. Эмчилгээ нь ч арай өөр байдаг. Жишээ нь нарны харшлын үед ил гардаг хэсгүүд дээр жижиг толбот гүвдрүүт тууралт гарч загатнаж халуу оргино. Энэ бол нарны хэт ягаан туяа хүний арьсны эсүүдийг  хэт их эмзэг мэдрэг болгож байгаа хэрэг юм. Үүний нөлөөгөөр арьсны болон дархлааны эсүүд өөрчлөгдөн нарны харшил үүсдэг. 

-Нарны харшил арьсны хавдар үүсгэдэг гэсэн үнэн үү. Монголчууд нарны харшилд хэр өртөмтхий вэ?

-Нарны хэт ягаан туяа арьсны хавдар үүсгэдэг нь батлагдсан зүйл. Ер нь эквадорт ойрхон оршдог улс орнуудын хүн амын дунд арьсны хавдарын өвчлөл түлхүү байдаг. Ялангуяа Австрали, Шинэ Зеланд зэрэг байнгын нартай орнуудын цагаан арьстай иргэд арьсны хавдар тохиолдол илүү их байна. Харин манай улсад арьсны хавдар ховор тохиолддог байлаа. 

Гэвч сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болчихлоо. Үүнийг байгаль цаг уурын өөрчлөлт, болон удам зүйн хүчин зүйлтэй холбон тайлбарладаг. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлт ихээхэн хурдтай явагдаж байна. Хуурайшилт, цөлжилт ихэсч, бороо ордог цаг хугацаа ч багассан, агаарын бохирдол ихэссэн гээд олон нөлөө бий. Сүүлийн 3 жил гэхэд бороо багатай хурц халуун нартай өдрүүд ихтэй бараг зун үзсэнгүй. Үүний нөлөөнөөс болоод нарны хэт ягаан туяаны үйлчлэлийг авах цаг хугацаа нь урт болчихсонтой холбоотой болов уу.

-Ямар туяанаас илүү хурдан хорддог вэ? 

-Нарны харшил хавраас эхэлдэг. Нарнаас үзэгдэх цагаан гэрлээс гадна хэт ягаан туяа ялгардаг. Хэт ягаан туяа нь дотроо гэрлийн долгионы уртаас хамаараад  А B C туяатай бөгөөд түүний нөлөөлөлөөс хамаарч наранд түлэгдэх, нарны туяаны харшил зэрэг эмгэг илэрч байна. Ер нь бол хэт ягаан А туяа нь хүнд ашигтай. А туяаны нөлөөгөөр хүний арьсанд Д витамин нийлэгшдэг. Гэтэл заримдаа хэт ягаан туяаны идэвхжил ихсэн хүчтэй үйлчлэлд өртөж наранд удаан байвал арьсны эсүүдийг шууд гэмтээнэ. Үүнийг бид наранд түлэгдэх гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл физикийн туяаны хүчтэй нөлөөгөөр наранд ил гарах арьсан дээр нь улайлт, цэврүүнцэр, цэврүү үүсч загатнаж хорсч цочмог үрэвсэл үүсдэг. 

-Ямар арьстай хүмүүс голдуу нарны харшил тусдаг вэ?

-Энэ төрлийн өвчлөл бор арьстай хүнд тохиолдох нь ховор. Ихэвчлэн  эмзэг, нимгэн шар, цагаан арьстай хүмүүст түлхүү өртдөг. 

-Нарны харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Нарны харшлын үед хэт ягаан туяаны үйлчлэлээс хамгаалдаг SPF тэмдэглэгээтэй тосыг түрхэж байх ёстой. Энэ тосыг түрхэхдээ 30+ мөн 50+ээс дээшийг хэрэглээрэй. Хэрэглэхдээ тухайн хүний арьсны мэдрэг чанараас хамаараад үйлчлэх хугацаа нь өөр байдгийг тооцоолоорой. Нимгэн шар арьстай хүн наранд гараад 30 минутын дотор улайдаг бол SPF-ийн тоог 30-аар үржүүлж 150 минутанд хамгаалах үйлчилгээтэй гэж тооцно. Ингэж хэрэглэх тосоо сонгоорой. Бас зуны улиралд хүний биеийн сүүдэр өөрийнх нь биеийн өндрөөс богино болсон цаг хугацаанд нарны хэт ягаан туяаны үйлчлэл хүчтэй байгааг илэрхийлдэг. Энэ цаг хугацаанд аль болох нарны туяанаас хамгаалсан тос түрхэж, биеийн ил хэсгээ халхалсан хувцас өмсч, шүхэр бариарай. 


ВИТАМИН Д ДУТАГДАХ НЬ ХАРШЛААР ӨВЧЛӨХТЭЙ ХОЛБООТОЙГ ЭРДЭМТЭД БАТЛААД ЭХЭЛЧИХЛЭЭ


-Витамин ууж сэргийлж болдог гэсэн яриа байдаг.

-Зарим хүмүүс харшилтай болчихлоо дархлаагаа суларчихаж гээд дархлаа дэмжих витаминууд авч хэрэглэн гээд буруу ойлголттой байна. Дархлаа дэмжих, сэргээх эмчилгээ гэж тусдаа бий. Витамины хувьд дархлааг шууд дэмжих эмчилгээ биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хүний биеийн бодисын солилцоог эрчимжүүлэх, дэмжих зорилготой эмчилгээ юм. Харшил эхэлсэн үед витамин хэрэглэвэл шууд зовиургүй болсон тохиолдол тун бага. Гэхдээ сүүлийн үед эрдэмтэд тун сонирхолтой судалгаар хүний бие дэх витамин Д-гийн хэмжээ багасах нь харшлын өвчинөөр өвдөхтэй хамааралтай талаар ярьж нотолгоо бүхий судалгаанууд хийж эхэллээ. Энэ бол судлаачдын тунд хамгийн сонирхол татсан халуун сэдэв болчихоод байна. Үүнийг нотлох гээд маш олон судалгааны ажил ар араасаа хийгдэж байна. 

-Монголд энэ төрлийн судалгаа бий юу?

-Бид нар бас энэ төрлийн судалгаа хийсэн. Монголд астам өвчтэй хүүхэд насанд хүрэгчдийн дунд судалгаа хийхэд витамин Д-гийн дутагдал нь эрүүл хүмүүсээс хамаагүй их байгааг олж тогтоосон. Тийм учраас дэлхий дахинд харшлын өвчний эмчилгээнд витамин Д нөхөх эмчилгээг нэлээн зөвлөдөг болчихлоо. Тийм учраас хэрэгтэй витаминыг зөв цагт нь хүний биед байх хэмжээг нь тодорхойлсны дараа л хэрэглэх нь чухал. Хэрэв Д витамин сайн гээд хэт их хэрэглэвэл илүүдэл болно. Витамины илүүдэл нь дутагдахаасаа ч аюултай зүйл. Монголчуудын дунд витаминыг дур зоргоороо дэндүү замбараагүй хэрэглэдэг зохисгүй хэрэглээ үүсчихлээ. Уг нь зөвхөн эмчийн заавраар л хэрэглэж сурах хэрэгтэй байна. 


  УРГАМЛЫН ТООСНООС ЗУГАТАХ БОЛОМЖГҮЙ


-Өдийд ургамлын харшил мөн л идэвхжиж байна. Яг ямар ургамлын харшил эхэлж байгаа вэ?

- Жил бүрийн хавар 2 төрлийн харшлын өвчлөл, сэдрэл хүн амын дунд ихэсдэг. Энэ нь нарны туяаны харшил нөгөөх нь ургамлын тоосны харшил юм. Хавар эрт 5 сарын эхнээс модны цэцэглэлт тоосжилт болж дараа нь үет ургамлын цэцэглэлт эхэлдэг. Энэ жилийн хувьд модны тоосжилт арай эрт эхлээд 5 сард дууссан. Удахгүй ерхөг, согоовор, биелэг зэрэг үет ургамлын тоосжилт эхэлнэ. Үүний дараа хөл газрын ургамал буюу шарилж луулийн цэцэглэлтийн үе эхэлдэг. Хөл газрын ургамлын тоосжилт цэцэглэлтийн хугацааны хувьд 7 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 20 хүртэл үргэлжилдэг. 

Агаарт тархах ургамлын тоос нь хүний амьсгалын зам хамрын хөндийгөөр орж, нүдний талст дээр бууж өвчлүүлж байгаа юм. Ургамлын тоос харьцангуй овор томтой учраас хамрын хөндийд шүүгдэж амьсгалын дээд замын харшлын шинж тэмдэг нусгайг үүсгэдэг. Харин гэрийн тоос, нүдэнд үл үзэгдах хачигны гаралтай жижиг тоосонцорууд амьсгалын доод зам хүртэл нэвтрэн орж астам үүсгэнэ. Энэ нь улирал хамааралгүй байдаг.


-Аль ургамлын харшил хамгийн удаан үргэлжилдэг вэ?

-Шарилжны тоос нь бусад ургамлаас илүү хүнд хэт хүчтэй мэдрэгшил үүсгэдэг онцлогтой. Ерөнхийдөө хөрс нь гэмтэж талхлагдсан газар ургадаг. Тийм учраас хөл газрын ургамал гэдэг. Энэ төрлийн ургамал арчилгаа шаардахгүй ургаж байдаг. Тиймээс бусад ургамлыг бодвол их хэмжээгээр тархан ургаж, харшил үүсгэдэг. Тоосжилтийн цэцэглэлтийн үе нь ч хамгийн удаан үргэлжилдэг. Сүүлийн жилүүдэд манай орны бэлчээрийн талбайн 70 гаруй хувьд нь өөр өөр төрөлт зүйлийн шарилжууд тархан ургасан байгааг судлаачид тэмдэглэсэн байдаг.

-Шарилжны харшилтай хэрнээ нэрс идэхээр мөн л харшил сэдэрдэг. Үүний шалтгаан нь юу юм бол?

-Ургамлын тоос ургамлын гаралтай хүнсний харшлын синдром гэж байдаг.  Ургамлын тоосны харшилтай хүнд дархлааны солбилцох урвалаар ургамлын гаралтай хүнсэнд давхар шинж тэмдэг илэрч болдог. 

-Ургамлын харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ургамлын тоосноос бид бултаж зайлж чадахгүй. Учир нь ургамлын тоос 10-80 микрометрийн диаметртэй өчүүхэн жижиг мөхлөгтэй тоосонцор байдаг. Тиймээс гадаа явж байгаад гэртээ орж ирмэгц өмсч байсан хувцасаа тайлах, үсээ угаах, маск зүүх, хамгаалалтын зориулалттай шил зүүх зэрэг энгийн аргууд үр дүнтэй. Ургамлын тоос өглөө нар мандах үеэс эхлээд үд дунд хүртэл агаарт хүчтэй тархдаг. Энэ үед аль болох тасалгааны салхивчаа нээхгүй байх хэрэгтэй. Болж өгвөл гадуур явахаас татгалзаарай. Машин барьдаг бол сайн чанарын агаар шүүгч сонгож болно. Тасалгааны төрөл бүрийн агаар цэвэршүүлж тоос шүүдэг төхөөрөмжийг хэрэглэж болно.


-Хөдөө хотын иргэдийн аль нь түлхүү харшил өвчин тусдаг вэ? 

-Хүн төрлөхтөн хотын суурьшмал баруунжсан амьдрал руу шилжихийн хэрээр харшил ихсэж байна. Бидний судалгаа ч үүнийг харуулдаг. Тухайлбал хөдөө суманд амьдардаг иргэдийн дунд астам, харшлын өвчин харьцангуй ховор. Гэтэл нийслэлчүүдийн дунд харшил астмын өвчлөл орон нутгийн иргэдээс 3-5 дахин их тохиолдож байгааг тогтоосон. 


              АРИУН ЦЭВЭР САХИДАГ СУУРИН ГАЗРЫН ХҮМҮҮСИЙН ДУНД ХАРШЛЫН ӨВЧИН ИХЭССЭН


-Үүний цаад шалтгааныг дурьдахгүй юу. Бас харшилд ихэвчлэн аль насныхан илүү өртөж байна вэ?

-Хүн бол байгалийн бүтээгдэхүүн учраас байгалиас өөрт хэрэгтэй ашигтай хоруу чанар багатай шимэгч, мөөгөнцөр, нян зэрэг бичил биетийг авч дархлаа тогтолцоо нь тэнцвэржиж байдаг. Энэ зүйлс хүний биед орсноор хүний дархлаа тогтолцоо тэдгээрийн эсрэг хариу урвал үзүүлж үйл ажиллагааны хувьд хэвийн ажиллана. Эргээд байгалиасаа холдохын хэрээр хүний биед нэвтрэн орж ирэх бактери багасдаг. Ингэснээр л дархлаа тогтолцоо гажуудаж ургамлын тоос, амьтан, шавьж, хоол хүнснийхээ эсрэг дархлааны урвал өрнүүлчихдэг хэрэг. Энэ өвчлөл хүүхэд өсвөр үеийнхэн, залуусын дунд хамгийн түгээмэл тохиолдож байна. Бас хүний арьс, амны хөндий нарийн бүдүүн гэдэс гэхэд бактери, мөөгөнцөрөөр дүүрэн шүү дээ. Гэхдээ энэ нь хүнд ашигтайгаар харилцан зохицож амьдардаг учраас хүн түүнээсээ өвчилдөггүй. Өөрөөр хэлбэл хүний бие тэр ашигтай бактертай, бактер нь хүний биед зохицон амьдарч байна гэсэн үг. Ийм биологийн өөр төрөл зүйлүүдийн харилцан зохицлыг симбиоз гэдэг. Хэрэв энэ зохицол нь алдагдвал харшлаар өвчилдөг болохыг судлаачид тогтоогоод байна. Ялангуяа хүүхдүүдийн дунд хамгийн ихсэх хандлагатай байгаа. 

-Ахуйгаасаа, байгалиасаа холдох тусам харшилд өртөмтхий болох нь ээ дээ?

-Үүнийг 1990-ээд оны үед Английн эрдэмтэн баталчихсан байгаа юм. Тэр хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын иргэдийн дунд харьцуулсан судалгаа хийсэн. Судалгаанаас хөгжингүй орнуудын хүн ам харшлын өвчнөөр түлхүү өвджээ. Нарийвчлаад хөгжингүй орнуудын мал аж ахуй эрхэлж буй болон суурин газар амьдарч байгаа хүмүүсийг харьцуулсан. Ингэхэд фермерийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийн дунд харшил өвчин бага байгаа нь тогтоогдсон байдаг. Учир нь бактер, шимэгч хорхойн халдварын хүчин зүйлстэй илүү ойрхон байгаа нь дархлал тогтолцоог дэмждэгт байгаа юм. Гэтэл эсрэгээрээ хэтэрхий ариун цэврийг сахиж суурин газар амьдардаг хүмүүсийн дунд харшлын өвчлөл ихэссэн. 

-Эцэг эхчүүд хүүхдээ харшилгүй хүн болгочих боломж бий юу?

-Энэ бол төвөгтэй асуудал. Мэдээж эмнэлэгийн байгууллагууд, нийгмийн эрүүл мэнд судлалчид ард иргэдэд аль болох ариун цэврээ дээдэлж, цэвэрхэн орчинд халдваргүй амьдрахыг уриална. Харшил судлаачид бол хүүхдээ хөрвийн аргаар өсгөх ёстой, байгальтай аль болох ойр байлгаж хүнд ашигтай бактери авч байхыг зөвлөдөг. Сүүлийн үед эрдэмтэд энэ тал дээр анхаарал хандуулж хүнд ашигтай пробиотикыг гаргасан. Энэ нь хүнд байгалиасаа авч чадахгүй байгаа халдварын зүйлийг нөхөж өгч, дархлааг нь дэмжих тэнцвэржүүлэх бэлдмэл арга болоод байгаа юм. Түүнээс биш яг ийм дүрмээр хүүхдээ өсгөвөл харшилгүй болно гэдэг жор байхгүй.


-Харшил туссан хүмүүс бүгд эмийн хараат болчихдог. Энэ хэр зөв эмчилгээ вэ?

-Харшлын эмчилгээний 4 зарчмын дотроос эмийн болон дархлаа эмчилгээний гэсэн гол хоёр зарчим их чухал. Харшлын эмийн хувьд Монголд олон төрлийн сонголттойгоор ороод ирчихсэн. Ямар эмийг ямар тун, хэр хугацаатайгаар хэрэглэх вэ гэдэг дээр зөвлөж эмчилгээ хийх нь тухайн эмчийн ур чадвар, мэдлэгээс шалтгаална. 

Шаардлагатай эмийг удаан хугацаагаар уухад буруудах зүйлгүй. Харшлын эмүүд харьцангуй гаж нөлөө багатай тул удаан хугацаанд хэрэглэж болдог 

Дархлаа эмчилгээний тухайд ханиадыг нам дардаг шиг 100 хувь эмчилж чадахгүй байна. Гэхдээ дархлаа эмчилгээг сайн бөгөөд зөв хийвэл 10-15 жил шинж тэмдэг багатай, нэмж бусад төрлийн харшилтай болохгүйгээр барьчих боломжтой. Энэ нь тухайн мэдрэгшсэн байгаа тэр зүйлээс нь бэлдсэн эмчилгээний бэлдмэл юм. Хэлэн дор дусаах, арьсан дор тарих 2 хэлбэрээр эмчилгээ хийдэг. Сүүлийн үед харшлын үйл явцад оролцдог дархлааны чухал үүрэгтэй биологийн идэвхтэй уураг, эс, эсийн гадаргуугын хүлээн авуурын эсрэг бэлдмэлийг биотехнологийн аргаар гарган авсан нь дэлхий нийтэд өргөн нэвтэрч байна. Ийм бэлдмэлийг харшлыг маш сайн эмчилж, аюулгүй үр дүнтэй гэгдэж сайшаагдсаар байгаа. Гэвч энэ төрлийн орчин үеийн эмчилгээний бэлдмэл маш өндөр үнэтэй. 6 сарын эмчилгээ гэхэд 30 мянган долларын үнэтэй байх жишээтэй Манай оронд хараахан нэвтрээгүй байна.


-Харшлаа хүн заавал тодорхойлуулах нь маш олон эрсдлээс хамгаалдаг гэж сонссон. Монголчууд энэ төрлийн шинжилгээнд хэр хамрагддаг вэ?

-Уг нь арьсны сорил эсвэл цусанд харшил тодорхойлох шинжилгээг урьдчилан хийлгэвэл маш хэрэгтэй. Гэхдээ Монголд урьдчилан сэргийлээд, юунд харшилтайгаа мэдэхээр зорьж ирдэг хүн бараг л байхгүй дээ. Харшлаар өвчлөөд хүнд зовиуртай болсон хойноо л ирж шинжлүүлдэг. 

Зарим хүн ямар нэгэн төрлийн харшилтөрөгчид мэдрэгшсэн мөртлөө харшлын шинж тэмдэг илрэхгүй байж байдаг. Дархлаа тогтолцоонд нь өөрчлөлт ороод мэдрэгшчихсэн гэсэн үг. Үүнийг цусны шинжилгээгээр тодорхойлж харшлын шинж тэмдэг илэрч өвчлөхөөс нь өмнө мэдэж аваад сэргийлж болдог. Манайд бол “Эффект” эмнэлэг дээр зөвхөн монголд тохирсон 40 төрлийн харшилтөрөгчөөр цусанд шинжилгээ хийж юунд харшилтайг нь хамгийн орчин үеийн аргаар тодруулж байгаа. 


-Харшил хүний амь насанд хүрэх үү?

-Харшил бол аюултай, хүндрэл их өгдөг шоконд орж амь эрсдүүлдэг өвчин.

2017 оны 7 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын хооронд буюу хагас жилийн дотор эм тариа болон хоол хүнсний хэт хүчтэй харшлаас болж шокод орж амь насаа алдсан 10 гаруй тохиолдол гарсан. Эдгээр тохиолдлууд дээр шүүхэд гомдол гарч үүнийг шийдэхийн тулд манай харшил судлалын салбар зөвлөлөөс шинжээч мэргэжилтэн томилж ажилласан.  Ихэнхи нь эм тариа антибиотик, унтуулгын бодисын харшлаас болж нас барсан байгаа юм. Энэ нь эмийг замбараагүй зохисгүй хэрэглэж байгаад  харшлын мэдрэгшилтэй болчих тохиолдол их нэмэгдсэн байгааг харуулж байгаа хэрэг.

Холбоотой сэдвүүд

харшил мөнхбаярлах

Сэтгэгдэл бичих (10)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.