Б.Баясгалан
01 сарын 22, 2019
НИТХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг хотын даргаар сонгосон. Түүнтэй НИТХ-ын дарга С.Амарсайхан өрсөлдсөн бөгөөд нууц санал хураалтаар өрсөлдөгчдийн саналын тоо тэнцсэн бөгөөд дахин нууц санал хураахад С.Мөнхчулуунд олонх нь саналаа өгсөн юм.
Хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулууныг батламжлах эсэхийг Ерөнхий сайд шийдэх учиртай ч өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна. Учир нь бичиг баримт нь дутуу учир НИТХ-аас энэ талаарх тогтоолыг Ерөнхий сайдад өргөн мэдүүлээгүй гэсэн мэдээлэл байгаа юм.
Энэ талаар С.Мөнхчулуунаас тодруулахад "Бичиг баримтын бүрдэл хангаагүй гэсэн зүйл байхгүй. Энэ сарын 16-ны өдөр би нийслэлийн Засаг даргад нэр дэвшиж, сонгогдсон. Мэдээж энэ хариуцлагатай албанд нэр дэвшсэн учир тухайн өдрөө хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн.
Өчигдөр буюу даваа гарагийн 18.30 цагийн үед би материалаа Ерөнхий сайдад хүргүүлье, бичгийг минь өгөөч гэж уулзсан. Тэр үед 16-ны өдрийн тогтоол дээр он сар, дугаар нь тавигдаагүй, гарын үсэг зурагдаагүй байсан. Тиймээс миний хувьд бичиг баримтын шаардлага хангаагүй гэсэн асуудал байхгүй. Би төрийн албанд 10 гаруй жил ажилласан, хуульд заасан шаардлагуудыг хангаж байгаа.
Намайг сонгогдсон өдөр буюу энэ сарын 16-наас хойш өдөр бүр надад шинэ нэр хоч өгч, харлуулах гүтгэх мэдээлэл цахимаар явж байна. Өнөө өглөө сэрэхэд л Ерөнхий сайд батламжлаагүй буцаасан гэсэн худал мэдээлэл тараасан байна.
Бид хийж бүтээх ажил, зорилго зорилтоороо өрсөлдөх ёстой болохоос биш хэн нэгнийг харлуулдаг жишиг рүү орж байгаа нь харамсалтай байна. Надад тэр 60 тэрбум, эсвэл ЖДҮ-тэй холбоотой асуудал байхгүй. Хэрвээ холбоотой байсан бол өөрөө зоригтойгоор заалнаас нэр дэвшихгүй байсан.
Улаанбаатар радиаг авах гээд шүүхээр олон жил явсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэсэн яриа мөн явж байна. Энэ бол надад огт хамааралгүй.
Манай хадам ээжтэй холбоотой асуудал яригдаж байна. Манай хадам ээжийн компани 1990 оноос хойш Нарны титэмийн нэгдүгээр давхарт үсчин, цайны газар ажиллуулж байсан юм билээ. Би энэ айлд 2007 онд хүргэн болсон. 2005 онд НИТХ-ын тогтоолоор Нарны титэмийг хувьчлахад Наранбулаг буюу манай хадам ээжийн компанид хувьчилж өгсөн. Тэрний дээд талд Улаанбаатар радио гэдэг компани орж ирсэн байгаа. Тэгээд Улаанбаатар радио компани Нарны титэмийг бүхэлд нь дээрэмдэж, хувьчилж авах зорилготой байсан. Тэр компани бол Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийн компани юм.Тэд бүхэлд нь хувьчилж авна гэдэг маргаан үүсгээд бүхэлд нь хувьчлуулсан юм билээ. Түүнээс хойш 10 гаруй жил шүүхээр явсан. 2016 онд Улаанбаатар радиа энэ талаар дахин маргах эрхгүй, өөр өөрсдийнхөө юмыг ав гэдэг шийдвэр гарсан юм билээ.
Би үүнд огт оролцдоггүй. Хадмын компани надад ямар ч ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, огт хамааралгүй. Шаардлагатай бол нотлох байгууллагууд нь тогтоох байлгүй. Үүнтэй холбоотой намайг харлуулах гэж өнөөдөр цацаж буй асуудлыг дэд сайд асан Б.Цогтгэрэлийн зүгээс явуулж байгаа гэж таамаглаж байна. Өмнө нь ч энэ талаар намайг хурлуулах зүйлсийг хийж байсан" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.