Сэтгүүлч, сошиал медиа менежер Кирстин Чаплины блогийн тэмдэглэлээс...

Энэ талаар би маш олон жил бодсоор эцэст нь нэг юм дорвитой шийдвэр гаргалаа. Би хэтрүүлж уудаг байгаагүй ч өөрийгөө жигшихээр хэмжээний шоучин байлаа. Хэдхэн шот уусан ч маргааш нь сэтгэл тавгүйрхэж, өөрөөсөө ч ичмээр үйлдэл хийчихсэн байдаг болохоор би болихоор шийдсэн л дээ. 

Аливаа зуршлаасаа салахыг оролдсон хүн бол зовлонг нь ойлгох биз. Ялангуяа алкоголь хүмүүсийн дийлэнх нь их, бага хэмжээгээр байнга хэрэглэдэг болсон өнөө цагт болих гэж байгаа хүнд хаа сайгүй харагдана. 

Би согтууруулах ундаанаас татгалзах 50 шалтгааныг жагсаан бичсэн. Ийм их шалтгаан олдож байгаа юм чинь үргэлжлүүлж уух ямар хэрэг байх билээ. Бүрмөсөн биш, нэг жил гэсэн шалтгаан нь өөртөө ялах боломж олгосных. Үүрд гэвэл би хэзээ нэгэн цагт ялагдаж, өмнөхөөсөө ч их ууж мэднэ. Ингээд нэг жилийг амжилттай давсны дараа би ийм зүйлсийг сурчээ. 

1 Дорхноо бүх юм сайхан болчихдоггүй

Хүн бүрийн асуудаг эхний асуулт бол "Уухаа больчихсон чинь гоё байна уу?" гэх. Харамсалтай нь тийм биш.Өглөө нь сэргэг босож, дундаршгүй эрч хүчтэй болно гэж бодтол тийм байгаагүй. Архи уухгүй хэд хоноод л 100 хувь дээрдлээ гэсэн найзуудтайгаа би санал нийлэхгүй. Эрч хүчтэй болох гэж хэсэг хугацаа болсон, жилийн дараа эргээд харахад оюун санаа сэргэг болж, амьдралд байж болох бусад боломжийг эрдэг болжээ.

2 Нэг жил уухгүй байх нь нэг сар уухгүй байснаас дээр

Өмнө нь би нэг сар уухгүй байж үзсэн, нийгмээс ирэх дарамт дэндүү их байдаг юм байна лээ. "Гаръя л даа", "Чи өнөөдөр уугаад нэг сар дээрээ долоо хоног нэмчихэж болохгүй юу?" гэх мэтээр шахна. Харин нэг жил уухгүй гэж хэлэхэд дарамтлахаа больж амжилт хүсдэг болов. Надад "Би ч гэсэн больж чаддаг ч болоосой" гэж хэлсэн хүний тоог нь алдсан гэхэд болно. 

3 Сэтгэлзүйн л асуудал

Өнгөрсөн жилийн хугацаанд би хоёр ч хуримд уригдсан. Өмнө нь байсан бол би "Ийм чухал арга хэмжээгээр уухгүй байна гэж юу байхав" гэх байлаа. Гэхдээ олон нийтийн арга хэмжээ гаргаж шалтаглаад байвал хэзээ ч зорилгодоо хүрэхгүйг ойлгосон. Жилийн эхэн үед баяр, тэмдэглэлт арга хэмжээнд уухгүйгээр сайхан байж чадна гэхээр боломжгүй санагддаг байв. Гэтэл үнэндээ маргааш нь шартахгүй байна гэдэг урьдынхаас хэд дахин сайхан зүйл байсан юм. Би ямар хүний өмнөөс ууж байгаа биш, эцсийн эцэст хэнд хамаатай байхав дээ. 

4 Та өөрийгөө таньж мэдэх болно

Нийт 20 гаруй жил уусны эцэст архигүйгээр би ер нь хэн юм бол гэж бодох болов. Эмо бодол байна уу? Үнэнийг хэлэхэд, би ихэвчлэн л өөртөө гутарсан, өөрийгөө голсон байдалтай байдаг. Согтууруулах ундаанаас болоод өөртөө гутраад байна уу, өөр асуудал байгааг нь архи халхлаад байна уу мэдэхээ байсан. Зундаа нэг удаа би сэтгэл зүйчид очиж сэтгэл гутралаа хуваалцдаг. Нэг жилийн дараа би зүгээр ядарснаасаа болоод сэтгэлээр унадаг байснаа ойлголоо. 

5 Та ганцаараа биш

Хүмүүс надаар бахархах нь сайхан ч үүнээс илүү согтууруулах ундаанаас татгалзахаар хичээж байгаа хүмүүс надтай хувьчлан уулздаг болсон нь бүр ч сайхан мэдрэмж төрүүлдэг. Өнгөрсөн нэг жилийн хамгийн гайхалтай нь бусдад урам зориг өгөх байлаа. Гэхдээ би алкоголийг бүрэн эсэргүүцэгч биш. Хэрэв алкоголь таны амьдрал сөргөөр нөлөөлөхгүй байгаа бол зогсоох шаардлагагүй. 

6 Та үүнийг хийж чадна

Боломжгүй зүйл гэж юу ч байхгүй. Эхлээд та нэг өдөр, нэг долоо хоног, нэг тэмдэглэлт арга хэмжээгээр уухгүй тэвчээд үз. Хэт том зорилго тавьж, түүндээ дарамтлуулах хэрэггүй. Та согтууруулах ундаанаас татгалзахын тулд хэнд ч мөнгө төлөх шаардлагагүй. Өмнөх орой нь ууж болох байсан ч тэвчиж, маргааш өглөө нь шартахгүй сэрэх бүртээ та ялалтын амтыг мэдрэх болно. Энэ мэдрэмжийг таалж сур. 

7 Би өөртөө илүү итгэлтэй болсон

Үүнийг би өөрөө ч гайхсан. Хүмүүс өөртөө итгэлтэй болох гэж уудаг байтал одоо эргээд харахад шилний цаана нуугдаж, өөрийн жинхэнэ нүүрээ халхалж, бяцхан тойргоосоо гарах гэсэн ядмаг арга болохыг ойлголоо. Согтуу ухаантай байж, онигоонд орохын оронд хүмүүстэй ярилцаж, өөртөө итгэлтэй байх нь надад илүү их итгэл өгч байгааг анзаарсан. 

8 Хүн бүр мэдэхийг хүснэ

"Чи үргэлжлүүлэх гэж байна уу?" өнгөрсөн жилийн нэгдүгээр сард дахиад жил уухгүй байна гэхээр хол харагдаж байлаа. Одоо ч гэсэн бүтэн жилийн хугацааг өнгөрөөсөн гэхээр их санагддаг. Заримдаа 2018 онд дахиад ууж эхлэх болов уу, эргээд хуучин шигээ болчих болов уу гэсэн айдас төрнө. Шартахгүй, өчигдөр нь хийсэн зүйлээ бодож ичихгүй байна гэдэг цааш үргэлжлүүлэх том шалтгаан гэж би харж байгаа. Гэхдээ энэ жил би чийрэг биетэй болох, блогоо идэвхтэй хөтлөх гэх мэт өөр зорилтууд тавьсан.