Солонгост амьдардаг Монгол хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ''Намү" төвд ажиллаа

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Монгол Улсаас Солонгос Улсад суугаа Элчин сайд С.Сүхболд, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Oчир тэргүүтэй төлөөлөгчид Солонгос Улсад сэтгэл зүй, хүүхэд гэр бүлийн дэмжлэг, боловсрол, соёлын үйл ажиллагаа явуулдаг “НАМҮ” төвд очиж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэв. 


Тус төв нь Солонгос Улсад ажиллаж амьдардаг монголчууд болон тэдний хүүхдүүдийн боловсрол, сэтгэл зүйн эрүүл мэнд, үндэсний хэл, соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх хойч үедээ өвлүүлэн суралцуулах чиглэлд 2023 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтдээ 12 мянга гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна. 


ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр  энэ үеэр хэлэхдээ Солонгост амьдарч буй монгол хүүхдүүдийн төлөө тууштай, идэвх зүтгэл гаргаж ажиллаж буй “НАМҮ” төвийн хамт олонд талархал илэрхийлэв. 

Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн сурч боловсрох эрх, орчин нөхцөлийг сайжруулах нь онцгой анхаарах асуудал гэдгийг тодотгоод “НАМҮ” төвийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт болон бусад асуудлыг нухацтай авч үзэн шийдвэрлэхээр болов.

“НАМҮ” төв нь Солонгос Улсад боловсрол эзэмшсэн математик, солонгос хэл, сэтгэл зүй, урлаг соёлын мэргэжлийн багшлах боловсон хүчинтэй бөгөөд Солонгосын өнцөг булан бүрээс монгол хүүхдүүд тус төвийг зорин ирж, эх хэл, соёл уламжлал мэдэх, шинэ найз нөхөдтэй болох, сэтгэл санаагаа хуваалцаж мэргэжлийн зөвлөгөө авдаг байна.

Холбоотой сэдвүүд

монгол солонгос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.