БНСУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдийн тоо 208 778 болж өсчээ. Үүнээс хууль бусаар оршин суугаа Монгол Улсын 8700 гаруй иргэн тоологдсон тухай тус улсын албан ёсны мэдээнд дурдагджээ. 

Албаны мэдээгээс үзвэл Солонгос улсад очсон гурван монгол хүн тутмын нэг нь хууль бусаар оршин суугч болдог байна.

Тэгвэл сүүлд гаргасан журмаар тус улсад хууль бусаар амьдарч байгаад нутаг буцаж буй хүмүүс торгууль төлдөг болжээ. Энэхүү торгууль нь тухайн иргэний оршин суусан хугацаанаас хамаарч өөр байх аж.

Тухайлбал Солонгост 3 жилээс дээш хууль бусаар амьдарч байгаад баригдах юм бол 20 сая, түүнээс дээш хугацаагаар хууль бусаар амьдарч байгаад өөрийн хүсэлтээр нутаг буцвал 10 сая воны торгууль оногдуулахаар болжээ.

Гэхдээ 2019 оны 12 дугаар сарын 11-ээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны хооронд өөрийн хүсэлтээр нутаг буцаж байгаа хүмүүс торгууль төлөхгүй гэжээ. Мөн өөрийн саналаар нутаг буцаж байгаа хүмүүс буцах өдрөөсөө хэд хоногийн өмнө заавал оршин суугаа нутаг дэвсгэр дэхь хамгийн ойрхон Гадаад иргэдийн харьяатын төв дээр очиж урьдчилан бүртгүүлэх журамтай.

БНСУ руу өдөрт 600-700 хүн визний материалаа бүрдүүлж өгдөг. Эдгээр иргэдийн дийлэнх нь тус улс руу ажиллах зорилготой аж.