Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан.

Уг айлчлалын хүрээнд виз мэдүүлэхтэй холбоотой хүндрэл бэрхшээлийн талаар ярилцсан байна. 

Хоёр улс хооронд удтал яригдсан уг асуудлын талаар БНСУ-ын Элчин сайдын яамаас мэдээлэл хийлээ. Энэ удаагийн журамд виз олголтыг түргэвчлэх мөн хүмүүнлэгийн шалтгааныг харгалзан үзнэ гэдгийг онцлон хэллээ.

 БНСУ-ын виз мэдүүлэх журамд орсон өөрчлөлт:

-Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлахаар боллоо. Учир нь 2012 оноос хойш мөрдөгдөж буй уг нөхцөл нь Монгол иргэдийг хохироосон гэж үзэж байгаа учраас сүүлийн 6 сарын хугацаанд хийсэн банкны гүйлгээг харгалзан үзнэ.

-Албан  ёсоор гэрээгээр БНСУ-д ажиллаж буй гэрээт ажилчдын гэр бүл /эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхэд/ 5 сая төгрөгийн барьцаа байршуулахгүй,  сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд виз олгоно.

-ХУР системийг хамтран хэрэгжүүлнэ. Хэрэв амжилттай болвол виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж хоёр долоо хоногийн дотор шийдвэрлэж, визний хариуг 14 хоногийн дотор өгнө.

-БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

АНХААРУУЛГА:

БНСУ-ын Элчин сайд болон консулыг таньдаг байх нь виз гарна гэсэн үг биш. Мөн Солонгосын виз гаргаж өгнө гэж ярьж байгаа хүн өөрөө залилагч байх магадлалтай учраас иргэд та бүхнийг энэ төрлийн хууран мэхлэлтэд автаж хохирохгүй байхыг хүсье.