Буяндэлгэрийн Мөнхчимэг
04 сарын 08, 2024
Лийд төгсөгчдийн холбооноос залуу сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, тэднийг 2024 оны УИХ-ын сонгуульд баталгаатай, бодит мэдээлэлтэй оролцоход нь дэмжлэг болох зорилго бүхий “Election Compass” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус төсөл нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төсөл Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Эрдэнэт хотод хэрэгжих байгаа бөгөөд тус аймгийн залууст сонгуулийн оролцоо, сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, санал өгөхөд анхаарах зүйлсийг залуу сонгогчдод таниулахад чиглэж буй.
Энэ хүрээнд эдгээр орон нутгийн ИНБ-ын төлөөлөл болсон залууст сургалт хийж мэдээлэл өглөө. Тус сургалтаар оролцогчид ойлголтоо нэгтгэснээр сонгогчдын боловсролыг дэмжих ажил амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэх суурь болох юм.
Сонирхуулахад Лийд төгсөгчдийн холбоо 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээг нас, хүйс, газар зүйн байршил зэрэг дэлгэрэнгүй ангиллаар цаг тутам дамжуулах ажлыг Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай хамтран амжилттай зохион байгуулж байсан билээ.
Энэ удаагийн сургалтын үеэр тэдний төлөөллөөс сонгуулийн ач холбогдол болон тэдний цаашид сонгогчийн боловсролтой хийх ажил болон сонгуулийн талаарх үзэл бодлыг нь хуваалцсан юм.
Н.Ганчимэг: Сонгуульд оролцоход луужин болох бодит, хэрэгцээт мэдээллийг залуу сонгогчдод өгнө
/Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн менежер, Лийд Монгол хөтөлбөрийн төгсөгч, “Election Compass” төслийн зөвлөх/
Лийд төгсөгчдийн холбоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн ардчилсан нийгмийн амин сүнс болох сонгуульд залуучуудыг идэвхтэй оролцуулах тал дээр анхаарч, холбогдох төсөл хөтөлбөрүүдийг гишүүдийнхээ санаачилгад тулгуурлан хэрэгжүүлж ирсэн.
Энэ удаад сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн, үүнийг дагаад сонгогчдод шинэ нөхцөл байдал, шинэ сорилт гарч ирж буйтай холбогдуулаад сонгуульд оролцохын чухлыг ойлгоход, цаашлаад сонгуульд саналаа өгөхөөр явахад нь луужин болох, бодит, хэрэгцээт мэдээллийг залуу сонгогчдод хүргэхээр ажиллаж байна.
Төсөл нь Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг Лийд төгсөгчдийн холбооны гишүүдийн оролцоо, манлайлалд тулгуурлан хэрэгжинэ. Аймаг бүр өөр өөрийн онцлог бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь “Election Compass” төслийн онцлог байх юм.
Энэ амралтын өдрүүдэд манай багийнхан Улаанбаатар хотод цуглаж, харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа нарийвчлан төлөвлөх уулзалт, сургалтыг зохион байгуулж байна.
П.Алтанчимэг: Сонгогчийн өгсөн саналыг сонгогч танаас өөр хэн ч мэдэх боломжгүй
/СЕХ-ны мэдээлэл технологийн төвийн ахлах референт, Лийд Монгол хөтөлбөрийн төгсөгч, “Election Compass” төслийн зөвлөх/
Сонгогчийн боловсрол гэдэг биднээс хол хөндий зүйл биш. Энгийн алхмаас эхэлнэ. Жишээ нь энэ сарын нэгнээс цахимаар сонгогчийн нэрсийн жагсаалт шалгах боломжтой болсон. Үүнийг шалгахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
https://election.burtgel.gov.mn/ сайтаар орж өөрийн мэдээлллээ үнэн зөв эсэхийг шалгах нь чухал. Хэрвээ зөрүүтэй бол засуулах хүсэлт илгээх боломжтой.
Сонгогч тухайн хэсэг, хороо, баг хэрхэн хуваагдсанаас хамаараад хаана саналаа өгөхөө мэдэх нь чухал. Хүмүүс ихэвчлэн хорооны байр дээр очоод өөрийнх нь мэдээлэл алга гээд буцаад явчихдаг. Гэтэл холгүйхэн бараг хэдхэн алхмын цаана санал авах байр дээр санал өгөхөөр бүртгэгдсэн байдаг.
Иргэдийн дунд санал тоолох төхөөрөмжтэй холбоотой ташаа ойлголт их байдаг учраас багахан тайлбар хийе. 2012 оноос хойш нийт 24 удаагийн ээлжит сонгуульд энэ төхөөрөмжийг ашигласан. Сонгууль болгоны дараа тодорхой хувьд нь хяналтын тооллого хийж ирсэн, нэг ч удаа хяналтын тооллогын дүн төхөөрөмжийн дүн хоорондоо зөрж байгаагүй. Энэ удаагийн сонгуулиар ч мөн хяналтын тооллогыг 100 хувь хийнэ.
Сонирхуулахал СЕХ сонгуулийн автоматжуулсан системийг сонгуулийн өмнө шалган туршиж баталгаажуулдаг. Үүнд нам эвсэл, бие даагчид ИНБ, ТББ зэрэг хөндлөнгийн баг ажиглах бүрэн боломжтой гэдгийг дуулгая.
Сонгуульд санал өгнө гэдэг сонголтынхоо үр дүнг мэдэрч амьдрах орчны төлөө хийж байгаа үйлдэл юм. Мөн та бид хамтдаа дараагийн 4 жилд ямар нийгэмд амьдрах вэ гэдгээ сонгож байгаа хэрэг. Таны өгч байгаа саналыг миний таны бас бидний хүүхдийн амьдрах нийгмийн төлөөх иргэний оролцоо гэж тодорхойлж болно. Онцлон хэлэхэд сонгогчийн саналыг сонгогч танаас өөр хэн ч мэдэх боломжгүй юм шүү.
Б.Ууганхүү: Чиний оролцоогүйгээр чиний асуудлыг өөр хэн нэг хүн шийдэж байна гээд төсөөлөөд үз дээ, иймээс л саналаа өгөх нь чухал
/Иргэний засаглал ТББ-ын тэргүүн, сургагч багш, Лийд Монгол хөтөлбөрийн төгсөгч/
Миний ажиглалтаар манай аймагт 18-34 залуусын сонгуулийн идэвх сул байна. Аймгийн төсвийн төлөвлөлтөд залуусын оролцоо хэр байгааг судлахад Өвөрхангайн залуусын дөнгөж 5 хувь нь оролцож дуу хоолойгоо оруулсан байгаа юм. Энэ тоо ч бас сонгуульд бага оролцоотой байгаагийн илрэл.
Шалтгааныг аваад үзэхээр сонгогчийн боловсрол бага, сонгуулийн үйл явцад итгэл үнэмшил сул зэрэг нь нөлөөлж байна. Иймээс “Election Compass” төслийн хүрээнд олж авсан мэдлэгээ залууст хуваалцаж, сонгогчийн боловсрол яагаад чухал гэдгийг ойлгуулах тал дээр ажиллана. Тухайлбал танхимаар болон онлайн хосолсон хөтөлбөр хэрэгжүүлэх, өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн орон нутгийн ИНБ болон залуусыг татан оролцуулж нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага бий.
Чиний оролцоогүйгээр чиний асуудлыг өөр хэн нэг хүн шийдэж байна гээд төсөөлөөд үз дээ. Ийм зүйл гарвал танд таалагдах уу? Иймээс л хүн бүр сонгуульд оролцож, өөрийнхөө хүсээд байгаа нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог. Сонгуульд саналаа өгнө гэдэг та бид хэн нэгнийг л сонгох тухай яриа биш өөрийнхөө ирээдүйг ямар байх вэ гэдгийг сонгож буй үйл явц юм шүү.
П.Энхмаа: Сонгууль гэдэг улс орны хувь заяа, нийгмийн нийтлэг асуудлыг шийдвэрлэх чухал алхам байдаг. Иймээс иргэн бүрийн оролцоо чухал
/“Өгөөмөр мэдээллийн товчоо” ТББ-ын гүйцэтгэх захирал, Лийд Монгол хөтөлбөрийн төгсөгч/
Манай Увс аймгийн залуусын сонгуулийн идэвх оролцоог бусад аймагтай харьцуулахад боломжийн гардаг. Гэхдээ илүү идэвхтэй, хариуцлагатай сонгогч байх, сайжрах шаардлага хэрэгцээ бий.
Ялангуяа энэ удаагийн сонгуульд олон нам, нэр дэвшигч оролцох учраас нам, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй уншиж танилцдаг, ул суурьтай ханддаг байх гээд ухамсартай хандах олон зүйл бий. Энэ удаагийн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөөс хамаарч саналын хуудаст нэлээд олон нэр бичигдэж таарна. Магадгүй олон хүн сонгох нь төвөгтэй санагдаж болох ч нөгөө талаас харвал сонголт олон гарч ирэх нь олзуурхууштай.
Сонгуулийн шинэ хуулиар сонгуульд санал өгөхдөө юун дээр анхаарах ёстой вэ гэдэг дээр мэдээлэл сул байна. Иймээс энэ дээр тал мэдлэг мэдээлэл өгөх сургалт, видео контентууд бэлтгэж ажиллана.
Хамгийн гол нь сонгуульд саналаа өгөхийн үнэ цэнийг таниулахад чиглэсэн мэдлэг ойлголт өгөхөөр төлөвлөж байна.
Д.Оргил: Сонгох сонгогдох эрх гэдэг бүх улсад байдаггүй үнэ цэнтэй зүйл
/Улс төр судлаач, Лийд Монгол хөтөлбөрийн төгсөгч /
Дэлхий даяар залуучуудын сонгуулийн идэвх оролцоо гэдэг асуудал толгойны өвчин болчихсон. Манай улсын хувьд онцлогтой. Хүн амын насны бүтцээс харвал 35-аас доош насны нийт иргэд хүн амын 60 гаруй хувь, сонгогчдын хувьд ч мөн ялгаагүй 18-35 насныхан сонгогчдын дийлэнхийг эзэлдэг. Үүнээс л хүн амын дийлэхийг төлөөлж байгаагийн хувьд залуус өөрсдийн төлөөлөл, дуу хоолойг тусгаж сонгуульдаа оролцох чухал юм.
Үнэндээ сонгох сонгогдох эрх гэдэг үнэ цэнтэй зүйл дэлхийн бүх улсад, бүх залууст байдаггүй. Иймээс энэхүү эрхэм эрхээ эдэлж оролцох нь маш чухал.
Энэ жил саналын хуудас хоёр хэсэгтэй болсон. Намаас гадна нэр дэвшигчийг дугуйлна.
Жишээ нь 2 дугаар тойрог гэхэд Увс, Ховд, Завхан, Говь-Алтай гээд дөрвөн аймаг 10 мандаттай. Энэ тойрог дээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн намуудын намын нэр дэвшигч, үүн дээр бие даагч нэмэгдэнэ гэхээр саналын хуудас дээр 200 гаруй хүний нэрийн жагсаалт бичигдэх магадлалтай. Үүнээс та хүссэн 10 нэр дэвшигчийг дугуйлна гэсэн үг.
Тэгэхээр саналаа өгөхөөр орохоосоо өмнө тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг уншиж судлаад сонголтоо хийх хариуцлагатай сонголт хийх тул илүү их мэдлэг мэдээлэлтэй хандахыг хүсье.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.