УИХ-ын сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар бие даан нэр дэвшигчид, Та бидний эвсэл, ШИНЭ эвслийнхэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүллээ.

Тэд "эрх баригчид сонгуулийн дүнг луйвардсан" гэж үзэж, дахин сонгууль явуулж, саналыг гараар тоолохыг шаардаж буй юм.

Энэ талаар Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд "Бид Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн тулд явж байна. Түүнээс биш цаасан дээр дүр эсгэн бичигдсэн ардчилсан сонгуультай, цаагуураа эрх мэдлийн бүлэглэлийн тогтолцоотой нийгэм болж болохгүй. Ардчилал өнөөдөр яг хутганы ир дээр байна. Үүний ард түмэн аврах цаг болсон. Биднийг албан тушаал хөөцөлдөж буй хүмүүс гэж харах огт хэрэггүй. Энэ бусармар дарангуйллыг бид нийгмээрээ зогсоох ёстой. Ингэж чадна гэж бодож байна" хэмээлээ.

Та бидний эвслийн дарга Н.Энхбаяр "Цэвэр луйврын сонгууль боллоо. Тиймээс шударга бус сонгуулийн тээрэмд тээрэмдүүлсэн ч бууж өгөөгүй нэр дэвшигчдийнхээ Монгол Улсад ардчиллыг хамгаалахын эрүүлээр сэтгэж байгааг нь 200 хувь дэмжиж байна. 

Бид дараах зүйлсийг хийх шаардлагатай байна.

1.Сонгуулийн дүнг хүчингүй болгох ёстой.

2. Ерөнхийлөгч энэ луйвар, булхайг илрүүлэхийн төлөө ажиллаж , сонгуулийн дүнг УИХ руу оруулах байх шаардлагатай.

3. Сонгуулийн ерөнхий хороог татан буулгах ёстой.

4. УИХ-ын сонгуулийг дахин явуулах ёстой. Гэхдээ миний нэр дэвших эрх нээгдсэн ч би нэр дэвшихгүй. 

5. Саналыг хар машинаар биш гараар тоолъё.

МАН-ынхан айхгүй байгаа бол дахин өрсөлд. Яагаад төрийн эрхийг ингэж хууль бусаар авч байгаа юм бэ" хэмээн байр сууриа илэрхийлэв.