Сонгуулийн боловсрол олгох, “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх сургагч багш нарыг бэлдэж, томиллоо.

Сонгуулийн ирц, оролцоог нэмэгдүүлэх, иргэд, сонгогчдыг чадавхжуулах, сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүрэг тус бүрт хоёр сургагч багшийг бэлтгэн томилж, улсын хэмжээнд 1500 гаруй залуу сонгогчид сургалт явуулаад байсан билээ. 

Сонгуулийн ерөнхий хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 03–08-ны өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалт явуулж, 50 гаруй албан хаагчийг Сонгуулийн ерөнхий  хорооны МССТ-ийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багшаар томиллоо. Тэд хариуцсан аймаг, дүүрэгтээ сургалт явуулна.

Сургалтын үеэр зарим сургагч багш нараас сэтгэгдлийг нь сонссон юм.

"Миний санал” нийгмээ өөрчлөхөд чухал нөлөөтэйг ойлгодог байх нь чухал

/Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Дамдиндорж/

Сургагч багшаар бэлтгэгдэж байгаа бид нар ч бас сонгогч, олон нийтийн төлөөлөл шүү дээ. Энэ утгаараа ч аль аль талаасаа шинэлэг мэдлэг, мэдээлэл олж авсан сургалт боллоо. Сонгогчдын зарим нь тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөөг бараг анзаардаггүй. Үнэндээ тухайн хүний амбиц, хашсан алба, бизнес зэргээр хэт ерөнхий байдлаар дүгнэж сонгох гээд байдаг талтай. Тиймээс нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг сайтар уншиж танилцдаг, сонгуульд саналаа өгдөг, “Миний санал” нийгмээ өөрчлөхөд чухал нөлөөтэй гэдгийг ойлгодог хариуцлагатай сонгогчийг бэлдэх чухал байна.


Залуусын оролцоог нэмэгдүүлэхэд маш чухал байна

/Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Баярсүх/

Сонгуулийн үр дүнг харахаар залуусын оролцоо тун бага байна. Тэгсэн хэрнээ зарим нэгэн сонгогдсон төлөөлөлдөө сэтгэл дундуур, итгэл үнэмшил сул байгаа нь анзаарагддаг. Хэрвээ залуус сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгснөөр тухайн бүлгүүдийг төлөөлөл сонгогдож, төрийн эрх байгууллагын хууль тогтоомж, шийдвэр өөр гарна. Үүнийг ойлгуулахад энэхүү сургалт чухал үр дүнгээ үзүүлж орон нутаг дахь залуусын сонгуулийн боловс­ролыг дээшлүүлэхэд байнга, үе шаттай, үр ашиг­тай үр нөлөөлнө гэдэгт итгэж байна.



Д.Болортуул: Нэг саналын үнэ цэн таны төсөөлснөөс ч илүү хүчтэй

/Сүхбаатар аймгийг хариуцсан сургагч багш/ 

Сүүлийн хэд хэдэн сонгуулиас үзэхэд залуусын сонгуулийн ирц, оролцоо тааруу байна гэсэн статистик тоо баримт гарсан. Эдгээр залууст сонгуулиа яагаад өгөх ёстой вэ гэдгийг ойлгуулах нь бидний үүрэг болж байна. Залуучууд нэг нэгэндээ үүнийг уриалж, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах боломжтой шүү дээ. Нэг саналын үнэ цэн гэдэг ямар чухал вэ гэдгийг энэ сургалтаас батжуулан мэдэж авлаа. Ийм учраас л сонгуулийг анхаарч үздэг, мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж чаддаг байх ёстой. Үүнээс л иргэн хүн сонгуулиа өгнө гэдэг ямар чухал ухамсартай үйлдэл вэ гэдгийг ойлголоо.