Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аллагын хэргийн шүүх хурал энэ өдрүүдэд Малайзын Куала Лампур хотноо болж байна.

Шүүх хурлын үеэр талийгаачийн эцэг С.Шаарийбуугаас Малайзын Засгийн газрын төлөөлж буй өмгөөлөгч Норина охиных нь 2 эрэгтэй хүнтэй хамт авахуулсан зургийнх нь талаар мэдүүлэг авчээ. 

Зураг тойрсон асуултыг олон удаа давтаж лавлан асуухад тэрбээр уурлангуй өнгө аясаар "Та нар өөрсдөө тэр хамт авахуулсан хүнээс асуу л даа. Яагаад надаас ийм олон удаа асуугаад байгаа юм бэ. Анх тэр зургийг Алтантуяа ажил дээр ирж уулзахдаа цүнхнээсээ гаргаж харуулсан. Тэр зураг 8-12 хэмжээтэй. Түүнээс хойш би тэр зургийг олж хараагүй. Хэрэв би ийм чухал гэдгийг нь мэдсэн бол аваад хадгалчих байсан юм. Ганц энэ зураг гэлтгүй охины минь хэрэгтэй холбоотой дэндүү олон баримт бий" гэж хариулжээ.

Хэргийг эргэн сануулахад Ш.Алтантуяа нь тухайн үед Малайзын Ерөнхий сайд байсан Нажиб Разакийн зөвлөх Абдул Разак Багинда гэгчтэй хамт ажиллаж байхдаа Малайз улс Францаас цөмийн шумбагч хөлөг онгоц худалдаж авах ажиллагаанд оролцон хэлмэрчийн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэхүү худалдан авалт санхүүгийн луйвар байсан, үүнийг нь манай улсын иргэн мэдсэн тул амь насаа алдсан гэсэн таамаглал бий. Үүнийг нь батлах баримт буюу Ш.Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай хамт байгаа зургийн талаар яриа байдаг ч ил болоогүй юм.

Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл Малайзын Засгийн газраас 100 сая малайз ринггит буюу 24 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шаардаж уг хэргийн захиалагч, аллагыг гардан гүйцэтгэсэн этгээдүүдэд тохирох шийтгэлийг нь оноохыг хүсэж байгаа билээ.


Эх сурвалж: www.thestar.com.my