КАИР. /RIA Novosti/. Суданы нийслэл Хартум хотын төвд Зэвсэгт хүчний төв командлалын байрны дэргэд зохион байгуулж буй суугаа ажил хаялтад оролцогчдыг тараах үеэр найман хүн амиа алдсан тухай телевизийн "Аль-Хадас" суваг тус улсын сөрөг хүчний Эмч нарын хорооны мэдэгдлээс иш татан уламжилжээ.

 Урьд нь гурван хүн амиа алдаж, 60 орчим хүн гэмтсэн гэж мэдээлж байв. Ажил хаягчдын босгосон майхан хуаранг хүчээр буулгасны хариуцлагыг сөрөг хүчнийхэн Суданы цэргийн түр зөвлөлд тохсон байна.


Суданд дөрвөн сар үргэлжилсэн ард олны жагсаалын үеэр дөрөвдүгээр сарын 11-нд цэргийн эргэлт болж, тус улсын Ерөнхийлөгч Омар аль-Баширыг төрийн эрхнээс түлхэн унагасан юм. Цэргийн түр зөвлөл байгуулсан цэргийнхэн засгийн эрхийг гартаа авсан бөгөөд хоёр жилийн хугацаанд иргэний засаглалд шилжүүлэн өгөхөөр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Хэдийгээр ийм амлалт өгсөн боловч ард олны эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Сөрөг хүчнийхэн засгийн эрхийг иргэний засаглалд шилжүүлэн өгөхийг шаардан дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн Зэвсэгт хүчний төв байрны гадна суугаа ажил хаялт зарлажээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг