Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 7.303.000 хүн өвчилж, 412.000 хүн нас баржээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 102.000 хүн коронавирусийн халдвар авч, 2.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 11,000, нас баралт 1500 гаруй хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. 

Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8.595 хүн шинээр коронавирусээр өвчилсөн. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 44-87 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй, тууштай нэмэгдэж байна. Эрхүү хотод өвчлөл хамгийн өндөр бөгөөд нийт 3083 хүн өвчилж, 18 хүн нас барсан. Тувад шинээр 87 хүн өвчилж, нийт өвчлөлийн тоо 1835 болж, 4 хүн нас болсон. Үүнтэй холбойгоор өчигдрөөс Тувад 14 хоног хатуу хөл хориог тогтоосон байна. Иймд дээрх мужуудтай хиллэдэг манай улсын аймгуудын, ялангуяа Увс аймгийн Давст сумын иргэд анхаарал, болгоомжоо сулруулахгүй байх шаардлагатай.

Манай улсын хувьд өчигдөр 58 хүн шинээр ажиглалтад орсон. 187 хүн ажиглалтаас гарсан. Одоо ажиглалтад 1882 хүн байна. Архаг хууч өвчтэй 132 байгаа. Тэдэнд 34 их эмч, 44 ресидэнт эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 150 дуудлага ирсэн. Гадаадад буй иргэдэд зориулсан Шуурхай-119 аппликэйшнаар АНУ, Швед, Беларус, БНСУ зэрэг улсаас монгол иргэд холбогдож, коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан. 

Үйлчилгээний болон амралт, сувиллын газрууд коронавирусийн зөвлөмж, зааврыг хэрэгжүүлэхгүй, иргэд амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмж иргэдээс олон ирж байна. Үүнийг анхаарч, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг мөрдөх шаардлагатай" хэмээлээ.