Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 5.876.000 хүн өвчилж, 360.000 гаруй хүн нас баржээ. 2.5 сая хүн эдгэрч, уг өвчний улмаас одоо 2.9 сая хүн эмнэлэгт эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт шинээр 92.000 хүн коронавирусээр өвчилж, 3.000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 9.000-гаар, нас баралт 2000 гаруйгаар буурсан үзүүлэлт боллоо. Хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 8.371 хүн шинээр өвчилсөн. 

Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 51-62 тохиолдлоор нэмэгдсэн.

Манай улсын хувьд өчигдөр 289 хүн шинээр ажиглалтад орж, 14 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор нийт 1908 хүн ажиглалтад тусгаарлагдаж байна. Архаг хууч өвчтэй 117 хүнд 29 их эмч, 59 ресидент эмч тусгаарлалтын байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

ЗӨСҮТ-ийн баг ОХУ-аас ирсэн 230 зорчигчийн 690 кг ачаа тээш, 11 галт тэрэг, 7 автобусанд эцсийн ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн. Төмөр замын эмнэлгийн 11 эмч орон нутгийн 11 чиглэлийн галт тэргэнд ажиллаж 3143 хүнд коронавирус илрүүлэх тандалт, судалгаа хийсэн. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 448 дуудлага ирсэн. Гадаадад буй иргэдэд зориулсан Шуурхай-119 аппликэйшнаар Франц, Швед, АНУ, Чех, ОХУ-аас нийт 17 хүн холбогдож, коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан" хэмээлээ.