Сөүл хотын Итэвон дүүрэгт сүнсний баяр тэмдэглэхээр цугласан залуус хэт бөөгнөрөл үүсгэж, амьсгалах агааргүй болсноор 150 гаруй хүний амь эндсэн эмгэнэлтэй осол болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Солонгос улс арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хүртэл орон даяар гашуудал зарлаад байна. 

BBC агентлагийн мэдээлж буйгаар үргэлж хөл хөдөлгөөн ихтэй байдаг Итэвон дүүргийн нарийн гудамжинд ослын шөнө ойролцоогоор 100 мянган хүн цуглажээ. 

2 жилийн цар тахлын хөл хорионы дараа сүнсний баяр тэмдэглэхээр сэтгэл догдлон очсон хүмүүсийн ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан аж. 

Хаашаа ч хөдлөх зай байгаагүй 

Сөүлийн технологийн компанид ажилладаг Энэтхэг залуу Нухил Ахмед болсон явдлыг ийн дүрсэллээ. 

“Би Итэвон дүүргийн ойролцоо амьдардаг. Өдрийн 5 цагийн үед гудамжинд маш олон хүн цуглаж эхлэхийг анзаарсан юм. Хэрвээ 5 цагийн үед ийм их хүнтэй байвал орой 7, 8 цагийн үед яах бол доо хэмээн дотроо бодож байлаа.

Орой Итовэн дүүргээр алхаж явтал илт ардаас түлхэж, цохиж эхэлсэн. Хаашаа ч хөдлөх зайгүй. Эргэн тойрноо хартал гудамжинд алхаж явсан хүмүүс бүгд шахалцаж, хэн нь ч хаашаа ч хөдлөх боломжгүй болчихсон байсан. Тэгээд л бүгд хашхирч, сандарч эхэлсэн. Хүмүүс сандралдаад бие биесээ илүү хүчтэй түлхэж эхлэх үед би хөл алдаад уначихсан. Азаар л өндийгөөд гудамжны хажуугийн шатаар дээшээ гарч, амь аврагдсан даа. Үнэндээ шатан дээр гарсан ч надад хийж чадах зүйл байгаагүй. Хавчигдсан хүмүүс тусламж гуйн сандарч, эцсийн амьсгалаа авч байхыг харах аймшигтай байсан” гэлээ. 

Хиймэл амьсгаа хийж чаддаг хүн бүр гэмтсэн иргэдэд туслахыг хичээсэн

Цаг орчмын дараа Итэвон дүүргийн зоогийн газарт хооллоод, гарч явсан Ана гудамжинд цэнхэр даавуугаар бүтээсэн цогцсууд хэвтэж байхыг анзаарчээ. 

Онцгой байдлын ажилчид хаа сайгүй гүйлдэж, хэвтэж буй хүмүүст хиймэл амьсгаа хийж байхыг харсан аж. 

Нөхцөл байдлыг ойлгоод шууд л тусламж хэрэгтэй хүмүүс рүү гүйн очиж, хиймэл амьсгаа хийж эхэлжээ. Үнэндээ гудамжинд цугласан олон хүмүүс гэмтэж, бэртсэн иргэдэд туслахыг хичээсэн ч хангалттай хүрэлцэхгүй байсан гэдгийг тэрбээр онцолжээ. 

Аврагчдыг ирэхэд нөхцөл байдал хэдийнээ дордчихсон байсан

Оройны 10 цаг 30 минутаас дуудлага хүлээн авч эхэлсэн Солонгосын онцгой албаныхан Итэвон дүүрэгт ирэхэд аймшигтай дүр зураг угтжээ. 

Тэд шахалдаж, бөөгнөрсөн хүмүүс гарах газаргүй болсон байх хэмээн таамагласан ч бодит байдал дээр маш олон хүмүүс дээр дээрээсээ давхралдаж, зөвхөн тэдний толгой л харагдаж байсан аж. 

Хачирхалтай нь осол болсноос хойш 5, 6 цагийн дараа ч Итовэн дүүрэгт байрладаг бар, ресторанууд хэвийн ажиллаж байж. Нухил Ахмед “Чанга хөгжим, хүмүүсийн инээлдэх чимээ сонсогдож байсан. Тэдгээр хүмүүс гудамжинд юу болсныг мэдээгүй байх” гэв. 

Одоогоор нас барсан хэмээн бүртгэгдээд буй 150 гаруй хүний 133 нь Солонгос хүн бол үлдсэн 25 гаруй нь гадаад хүн байжээ. 

Ослын шалтгааныг нарийн тогтоох ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Солонгосын Ерөнхийлөгч дахин ийм эмгэнэлт осол гаргахгүйн тулд бүх чадлаараа хичээн ажиллана гэдгээ мэдэгдлээ.