Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх программ ашиглалтад оруулж, 1800 орчим зөрчилд хариуцлага тооцон, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлжээ. Мөн зах, худалдааны төв болон орон сууцны хотхон хороолол доторх авто замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж эхэлсэн байна. Энэ мэтээр холбогдох албаныхан хийсэн ажлынхаа талаар танилцуулга хийв.

Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурлын үеэр зарим гишүүд хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүн муутай байгааг хэллээ. Тэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамгийн их оролцоотой байх ёстой нийслэлийн Тээврийн газар зэрэг байгууллагын оролцоог сул байгааг шүүмжилсэн юм. Мөн ажлын хэсэг өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнээгүй, өнөө жил хийх ажлаа төлөвлөөгүй байгаад шүүмжлэлтэй хандав.

Тус ажлын хэсгийн танилцуулга мэдээллийг сонсоод нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн хийх ёстой ажлыг дорвитой хийж чадахгүй байгаа тул ажлын хэсгийг хуралдуулж өмнөх хурал, зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг  сонслоо.

Биелэлт хангалтгүй, дутагдалтай асуудал цөөнгүй байна. Үр дүн шаардахаар хөрөнгө, мөнгө нэхэхээ болих хэрэгтэй. Автозогсоолыг иргэдэд нээлттэй болгоход хөрөнгө шаардлагагүй. Энэ мэтээр хэрэгжүүлж болох арга хэмжээ олон бий. Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл авто замынхаа төлөвлөлтийг хийдэг мэргэжлийн байгууллагагүй явж ирсэн. Тиймээс нэгдүгээр сард багтаан энэ байгууллагыг байгуулж, ажлыг нь эхлүүлнэ. Мөн нийтийн тээврийн шинэчлэлийг зохион байгуулах хэрэгтэй байна. Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга ажлаа тайлагнаж мэдэхгүй байна. Тиймээс ажлыг хэсэгт өөрчлөлт оруулна” гэв. Ингээд нийслэлийн ИТХ-ын дарга холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.

Тодруулбал, газар чөлөөлөх журмыг нийслэлийн ИТХ-д оруулан хэлэлцүүлж, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг нийслэлийн Газрын албаныханд, замын засвар, бүтээн байгуулалтыг мөн гуравдугаар сараас эхлүүлэхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт үүрэг болгов. Замын хөдөлгөөний удирдлагын төв болон цагдаагийн байгууллагад боломжтой бүх хувилбараар хөдөлгөөний зохицуулалт хийх, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашинуудын тоон судалгааг гаргаж,  шинээр автомашин бүртгэхдээ аюулгүй байдлыг хүрээнд ямар зохицуулалт хийж болох юм гэдгийг судлах үүрэг өглөө.

Мөн нийслэлийн Тээврийн газарт таксины үйлчилгээг цэгцэнд оруулах үүрэг өгөв. Замын хөдөлгөөний зохиомол түгжрэл нэмэгдэхэд таксины нөлөөлж буйгаас гадна таксинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж буй учраас үйл ажиллагааг нь цэгцэлж, зөвхөн тоолуур, тэмдэгтэй, ялгах өнгөтэй таксийг хотод явуулах ёстой гэж нийслэлийн ИТХ-ын дарга хэллээ. Ингээд санал боловсруулж энэ сарын 15-ны дотор танилцуулахыг нийслэлийн Тээврийн газрынханд үүрэг болгов. Хуралдааны төгсгөлд ажлын хэсгийг яаралтай хуралдаж, мэдээллээ нэгтгэж танилцуулах үүрэг өгсөн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ