ЭМЯ-ны хав дарсан нууц задарч ВС вирусын шинжилгээ хийх нэрээр нэр бүхий лабораториуд бизнес хийж байсан нь илрээд байна.

ДЭМБ-аас ирүүлсэн ДЭМБ-аас 28 лабораторид хийсэн шинжилгээний дүн ирсний дараа энэ салбарынхан өнгөрсөн зунжингаа тогоондоо асуудлаа ярьжээ. Гэхдээ одоог болтол шийдлээ олоогүй. 

“Нууж дордуулах уу, илчилж эрүүлжүүлэх үү” нэртэй хэлэлцүүлгийг өнгөрсөн 10 дугаар зохион байгуулжээ. Энэхүү хэлэлцүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээс нууцлагдмал болж өнгөрсөн байдаг. Зөвхөн лабораториудын төлөөлөл ЭМЯ-ын төлөөлөл, ЭМДЕГ, УМХЕГ, АТГ оролцсон. Үндсэндээ ард иргэдэд та нарын өгсөн шинжилгээний хариу чинь буруу гарсан гэдгийг хэлж чадахгүй дүлэгнэж, яах учраа олохгүй суусан гэсэн үг. 

Бүхэл бүтэн 7 сарын турш шүү. Учир нь "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудын материал, арга зүйн зохистой байдал, шинжилгээний бодит хүртээмжийг судлах, үнэлгээ дүгнэлт ѳгѳх Ажлын хэсгийн дүгнэлт гарсанаас хойш даруй 7 сар гаруй хугацаа ѳнгѳрчээ. 

Элэгний өвчинд дарлуулсан монголчуудын хувьд Оном сангийн санаачилсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр ашиг тусаа өгсөн нь үнэн. Харамсалтай засаг дэмжиж, ЭМЯ хөтөлбөр болгохдоо лабораторийн чанарын хяналт гэдэг зүйлийг орхигдуулсан. Ерөөсөө хэдэн мянган хүнийг шинжилгээнд хамрууллаа гэсэн тоогоор тоглолт хийж байсан гэсэн үг.

Анх өөрсдөө ЭМЯ хяналт шалгалт хийхэд 15 лабораторийн шинжилгээ зөрүүтэй гарсан байна. Гэтэл өмнө нь олон улсын шинжилгээ эдгээр лабораториудад орж, хэдий нь худлаа шинжилгээ хийдэг гэдгийг нь гаргачихсан байсныг албаны эх сурвалж мэдээлэв. Мэргэжлийн түвшинд хийгдсэн энэ үнэлгээгээр хепатитын В, С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториудаас дараах 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон.

Нуун дарагдуулсан хүмүүсийн нэр ч гарчихаж.

Мэдээж иргэдийн эрүүл мэндээр бизнес хийсний цаана томоохон асуудал яригдаж буй. Тухайлбал “Итгэл” эрүүл мэндийн төвийн эзэн Гантулга гэгч эхнэр болон хадам эгчтэйгээ нийлэн 9 лабораторид тоног төхөөрөмж зарсан байна. 


Эдгээр 15 лаборатори В, С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээг чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон: 

1. Хаппи веритас лаборатори 

2. Ай Ти лаборатори

3. Итгэл лаборатори 

4. Онкоген лаборатори 

5. Гэгээн ар үр эмнэлэгийн лаборатори 

6. Евростандарт лаборатори 

7. Мобио лаборатори 

8. Протлаб лаборатори 

9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори 

10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори 

11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори 

12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори 

13. Гялс анагаах ухааны төвийн лаборатори 

14. Мед аналитик лаборатори 

15. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори 

Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар Хаппи веритас, Ай Ти болон Итгэл лабораториудад 1.5 тэрбум гаруй тѳгрѳгийн торгууль, акт тавиад байна.

Энэ удаагийн үнэлгээгээр дараах 13 лаборатори чанарын шаардлагад тэнцжээ.

1. Сонгдо эмнэлэгийн лаборатори 

2. Элэгний тѳвийн лаборатори 

3. Оношмед лаборатори 

4. Улсын нэгдүгээр тѳв эмнэлэгийн лаборатори 

5. Улсын гуравдугаар тѳв эмнэлэгийн лаборатори 

6. Медипас эмнэлэгийн лаборатори 

7. Тѳв аймгийн нэгдсэн эмнэлэгийн лаборатори 

8. Бонавита лаборатори 

9. Грандмед эмнэлэгийн лаборатори 

10. Аллергимед эмнэлэгийн лаборатори 

11. Хавдар судлалын үндэсний тѳвийн лаборатори 

12. Халдварт ѳвчин судлалын үндэсний тѳвийн лаборатори  

13. Интермед эмнэлэгийн лаборатори

Эрүүл мэндийн салбарыг доргиогоод байгаа уг асуудалд яамны удирдлагууд хүртэл оролцож ирсэн нь нууц биш. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан А.Цогцэцэг гэхэд  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхлэнгүүт өөрийн эзэмшлийн харшлын “Аллергимед” хэмээх хувийн эмнэлгээ үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж  элэгний вирус тоолж эхэлсэн билээ. Гэхдээ тэрээр сайд болохоосоо өмнө энэхүү эмнэлэгээ зарсан нь сонирхол татахаас аргагүй. Хамгийн сонирхолтой нь уг эмнэлэг ЭМНДЕГ-аас санхүүжилт авч, элэгний вирусийг үнэ төлбөргүй тоолох сонгон шалгаруулалтад орж шалгарахдаа элэгний вирус тоолох тоног төхөөрөмжгүй байсан аж.  Энэ талаар тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэлээдгүй бичиж шуугиж байсан юм.

ЭМЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаагийн Хаппи Веритас лаборатори нь элэгний вирусын шинжилгээний асуудалтай гэдэг нь илрээд буй. Үйл ажиллагаагаа явуулаад 11 жил болж буй “Хаппи Веритас” уг асуудлаар шүүхдэлцэж байгаа бөгөөд энэ сарын 23-нд шүүх хурал нь болох аж.