Таргалалт гэдэг нь эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу   биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. 

Таргалалтын үндсэн  шалтгааныг дурьдвал:Хоол тэжээлээр авч байгаа илчлэг, илч зарцуулалт, авбал зохих илчлэгийн тэнцвэр алдагдах; хөдөлгөөний хомсдол; өөхөн эд, өөхлөг эдээс ялгарах даавруудын нөлөө юм. Эдгээрт нөлөөлөх гол хүчин зүйлүүд гэвэл:

·         Өөх тос, нүүрс ус ихтэй хоол, түргэн хоол, хийжүүлсэн ундаа, чихэр шоколад зэргийг ихээр хэрэглэх.

·         Хөдөлгөөний хомсдол, буруу дадал хэвшил

·         Стресс, нойргүйдэл, ажлынхэтачаалал

·         Хорт зуршил /шар айраг, архи, тамхи/

·         Дотоод шүүрлийн зарим эмгэгүүд

·         Эм, эмийн бүтээгдэхүүн/кортикостероид, антидепрессант/

·         Төвмэдрэлийн тогтолцооны зарим эмгэгүүд/тархи гэмтэх, үрэвсэх, хавдар/

·         Удамшлын хүчин зүйл /Ген болон гэр бүлийн /гэх мэт

Насанд хүрэгчдийн бараг тал хувь нь таргалалттай 

Монгол улсын хувьд “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааг 1992 оноос хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2017 онд Үндэсний 5 дахь удаагийн судалгааг хийгээд байна.Эдгээр судалгаагаар жил ирэх тусам хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж улмаар таргалалт биеийн жингийн илүүдэлтэй хүмүүсийн эзлэх хувь өссөн дүн харагдаж байна.Үндэсний 5 дугаар судалгааны зарим үр дүнгээс дурьдвал илүүдэл жин ба таргалалтын тархалт  5 хүртэлх насны хүүхдэд 11.7 хувь, 6-11 насны хүүхдэд 28.6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдэд 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдэд 49 хувь тус тус байна.

Таргалалт  ямар өвчин үүсгэх эрсдэлтэй вэ?


Чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт маш олон өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болж байна. Зарим нэг судалгааны тоо баримтаас дурьдвал БЖИ 25 ба түүнээс дээш хүмүүс чихрийн шижин өвчөнөөр хэвийн жинтэй хүнээс 9 дахин их, БЖИ 30 ба түүүнээс дээш бол 40 дахин ихээр өвчилдөг байна.Цусны даралт ихсэх өвчтэй нийт өвчтөнөөс эрэгтэйчүүдийн 78% нь, эмэгтэйчүүдийн 64% нь таргалалттай байсан. Биеийн жин 10%-иар нэмэгдэх тутамд цусны плазмын холестрины хэмжээ 0.3 ммольл, илүүдэл 4.5 кг тутамд цусны даралт эрэгтэйд 4.4 мм.муб, эмэгтэйд 4.2 мм.муб-р нэмэгддэг.

Чихрийн шижин өвчний хувьд БЖИ 30-34 буюу таргалалтын 1-р зэргийн үед 2 дахин, БЖИ 35-39 буюу 2-р зэргийн таргалалттай үед 5 дахин, БЖИ 40-с дээш буюу 3-р зэргийн таргалалттай үед 10 дахин их өвчлөх магадлалтай байдаг. Иймээс илүүдэл жин, таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөмтгий бөгөөд ЧШӨ-ний хүндрэл болох нүдний хараа муудах, сохрох, бөөрний дутагдалд орох, хөлийн судасны нарийсал, хөлөө тайруулах зэргээр хөдөлмөрийн чадвараа алдах,хөгжлийн бэрхшээлтэй болох,эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны маш их хохирол амсаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас таргалалттай ямар байдлаар тэмцдэг вэ?

Олон төрлийн судалгаа хийж дүгнэлт гарган, үе шаттай арга хэмжээг авч байдаг.  Жишээ нь: чихэр, давсны хэрэглээг бууруулах, идэвхитэй хөдөлгөөний зөвлөмж  гаргасан. Мөн илчлэг өндөртэй тэжээллэг чанар багатай чихэрлэг ундаа зэрэг “эрүүл бус” хүнсний татварыг нэмэгдүүлэх, хүүхдэд чиглэсэн худалдааны зар сурталчилгааг албан журмаар хориглох замаар хэрэглээг хязгаарлахыг зөвлөсөн байдаг.

Таргалалтаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?

Хөдөлгөөний хомсдолд орохоос сэргийлж биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхитэй амьдралын дадал хэвшилд сургах, ТВ үзэх, компьютер тоглоом тоглох цагийг хянах,хязгаарлах,гэрийнхээ ажилд туслуулах, цахилгаан шат хэрэглэхгүй байх, биеийн жингээ тогтмол хэмжиж,хянадаг дадлыг хэвшүүлэх.

Таргалалт бол хэвийн үзэгдэл биш бөгөөд хүний биед үүсэх ихэнх эмгэгийн суурь болдог тул эрүүл мэндэд уршигтай өвчин гэдгийг хувь хүн бүрт ойлгуулах, насанд хүрэгчид жингээ тогтмол хэмжиж, БЖИ-ийг 24.9-с ихгүй байлгахыг эрмэлзэх.

Өөрийн амьдралын хэв маягтаа анзаарах зүйл:

-        Илчлэг ихтэй хоол хэрэглэдэг эсэх - Чихэр, чихэртэй бүтээгдэхүүн, өөх тос ихтэй хоол хүнс ба утсан бүтээгдэхүүн хэр хэрэглэдэг вэ ? 

-        Хооллох хэв маягаа үнэлэх – Хурдан иддэг, хэр зэрэг хэмжээтэй иддэг, голчлон ямар хүнс хэрэглэдэг, хооллох үедээ ном,сонин уншдаг эсэх, хэр зажилж иддэг, давс ихтэй хоол хүнс хэрэглэдэг гэх мэт

-        Хөдөлгөөний идэвхээ үнэлэх – Суугаа ажил эрхэлдэг эсэх, явган явдаг, машинаар явдаг, дасгал хийдэг эсэх, спорт тоглоом тоглодог эсэх

·         Амьдралын эрүүл хэв маягт суралцах – Биеийн жингээ тогтмол хэмжиж, хянаж хэвших, Эрүүл хоол хүнс сонгож хэрэглэх, хооллолтын буруу зан үйлээ өөрчлөх, идэвхитэй хөдөлгөөн, дасгал хийж хэвших

Илүүдэл жингээс болж амь насаа алдах тохиолдол элбэг байдаг уу?

Таргалалтаас болж шууд үхэхгүй ч үүсэх өвчний хүндрэлээр нас барах магадлал өндөр. ДЭМБ-ын дүгнэлтээр биеийн жин 10%-иар нэмэгдэхэд эрэгтэчүүдийн 11%, эмэгтэйчүүдийн 7%-д нас баралт нэмэгддэг гэжээ.Таргалалттай хүмүүсийн нас баралтыг харьцангуй эрүүл хүмүүстэй харьцуулахад тархинд цус харвалт 4 дахин их, зүрхний шигдээсээр нас баралт 5 дахин их байна. Иймээс илүүдэл жин таргалалттай хүмүүсийн дундаж наслалт 7-12 жилээр бага байдаг байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн