Цагийг хэрхэн зѳв ашиглах тухай ном олон уншиж байсны дотроос сэтгэлд хамгийн тод үлдсэн нь япон зохиогчтой “Ѳглѳѳний хүн” нэртэй ном билээ. Яагаад хүн ѳглѳѳ сэрэх хэрэгтэй тухай, унтах хийгээд нойрны ерѳнхий мэдлэгийг уншигчиддаа хүргэсэн шилдэг шинжлэх ухаанч ном байлаа, миний хувьд, гэхдээ ѳнѳѳдрийг хүртэл.

Ихэвчлэн ѳѳрийгѳѳ ялан дийлж бага салбарт хүч сорин амжилтанд хүрсэн хүмүүс ѳѳрийн туулсан туршлагаас үндэслээд тиймэрхүү зѳвлѳмж номнуудыг бичдэг билээ. Гэвч тийнхүү амжилтaнд хүрсэн хүмүүсийн бичээд байгаа зүйлийн ард бидний огтоос сонирхож байгаагүй, мэддэггүй шахуу хэрнээ хамгийн том үүргийг гүйцэтгэж байдаг нэгэн нууц ноёнтон цомцойн суудаг ажуу. Тэр бол тархи юм!

Тархин доторх үй олон эд эсүүд бидний сэрэл мэдрэмж, үйлдэл бүхэнд цочирч, цочирсон даруйдаа хариу дааврууд ялгаруулдаг байх нь ээ. 

Жишээ нь цахим ертѳнцийн нүүр номоор мэдээлэл шалгах танд таатай санагдсан бол тухай цагт тархи чинь ДОПАМИН хэмээх гормон ялгаруулна. Энэ ДОПАМИН гормон ихэвчлэн танд ямар нэг зүйл зугаатай санагдаж, мэдрэгдсэн тохиолдолд автоматаар тархинд ялгардаг. Харин нэгэнтээ ялгарсан бол урд ялгаруулж байсан хэмжээнээс хувь ихийг ялгаруулахыг эрмэлздэгээрээ онцлогтой. Бүх гормонууд ижил онцлогтой гэнэ, дашрамд хэлэхэд. Бид түүнийг ашиглах хэрэгтэй (номын санаа). 

ДОПАМИН гадагшилснаар сайн зуршлуудыг бий болгодог ч муу зуршлуудыг ч мѳн ялгаагүй яг ижил замаар бүрэлддүүлдэг ажаам. Жишээ нь тамхи татах, архи уух, мѳрийтэй тоглох гэх зэрэг юу эс байх вэ. Эерэг тохиолдолд ДОПАМИН үүргээ ялгалгүй биелүүлдэг. Ном унших, гэр цэвэрлэх, бизнест ашиг орлого олох гэх зэрэг…

Бид юунд ч юм үнэн сэтгэлээсээ татагдвал тэрбээр л ялгарчихна.Нууц ноёнтон үргэлжид идэвхитэйгээр доош тушаал буулгаж биднийг удирдан, залж залруулсаар ирсэн билээ. 

Даан ч бид түүнийг сайн таньдаггүй. Ѳѳрийн эрхгүй дээрээс буух тушаалыг толгой дохин тосч аваад даган мѳрдѳхѳѳс хэтэрдэг билүү.Харин ямар даавар хэзээд, яаж ялгардаг тухай зохих мэдлэгтэй болбол түүнээ ухамсартайгаар залж чиглүүлэн улмаар тархиа хянах бүрэн боломжтойг энэхүү ном сануулжээ.Би энэ номыг уншхын ѳмнѳ Могин Кэничирогийн  (тархи судлаач) “Ном унших аргаас шалтгаалж тархи цэнэглэгдэж байдаг” нэртэй номыг уншаад тархи гэдэг ноёнтонтой дотносох учиртайгаа ухаарсан. 

Учир нь түүн дотор жинхэнэ бидний амьдралд хэрэг болох, сайхан амьдрахад хѳтѳлж ѳгѳх хѳтѳч оршин буйг уг номоос таньсан билээ.Жишээ нь дээрх ДОПАМИН ыг ѳѳрийн амьдралдаа зѳв ашиглахыг хүснэ. Түүнийг ѳдѳр тутмын амьдралдаа шингээвээс сонирхол минь ѳсч дэвжин, хичээл зүтгэл минь үржүүлэхийн хүрдээр хурдсаж, би болоод миний гэр бүл аз жаргалтай сайхан амьдрахад нэг алхам ойртоно гэж итгэнэм. Номд бичсэнээр ДОПАМИН ыг ухамсартайгаар, тогтмол гадагшлуулснаар бүрэн ѳѳрийн зэвсэгээ болгох боломжтой юм гэнэ.

Миний хувьд ном унших зуршлыг ѳѳртѳѳ бий болгож чадсандаа ямагт талархаж явдаг. Надад ном унших таалагддаг, харин тэр бүрд тархины минь урд хэсэгт допамин ялгарж байсныг яахин тааварлах билээ.

ДОПАМИН ыг ялгаруулах аргаас хуваалцая

1. Аль болох нарийвчилсан тѳлѳвлѳгѳѳг гаргах

2. Тѳлѳвлѳгѳѳгѳѳ биелүүлсний дараах ѳөрийгѳѳ тѳсѳѳлѳн бодох

3. Тѳлѳвлѳгѳѳгѳѳ ахин дахин шалгах

4. Тааламжтайгаар, баяртайгаар ѳѳрийн хийж буй зүйлдээ хандах

5. Тѳлѳвлѳгѳѳгѳѳ биелүүлсний дараа ѳѳрийгѳѳ шагнах

6. Цаг алдалгүй шинэ тѳлѳвлѳгѳѳг босгох

7. Дээрх үйлдлүүдийг давтан хийж хэвших

Гэрийн минь ойролцоо нэгэн номын дэлгүүр байдаг юм. Хулганы нүх л гэсэн үг. Бѳгс арайхийн эргэдэг, харанхуй, гэвч түм тасралтгүй түчигнэсэн эгэлгүй газар. Би тийшээ барагтай бол шагайдаггүй, харин шагайсан бол баараггүй нэг ном шүүрчихсэн байдаг нь сонин. Шүүрсэн номнууд минь эргээд харах нь ээ, дандаа ѳѳрт хэрэгтэй байх нь бас л сонин. Хэрэгтэй гэдэг нь ѳѳрийн ѳдѳр тутмын амьдралдаа хавсаргаж түүнийг ѳглѳѳ бүр шүдээ угаадаг шигээ ѳѳртѳѳ хэвшүүлэхийг хүссэн зүйлээ хэллээ.Тэр бяцхан дэлгүүр дотор голцуу завгүй хүмүүс орж гарч харагддаг юм. 

Яагаад гэвэл тэр дэлгүүр метроны буудал дотор байрлах ба унаа хѳдлѳх цаг хүртэл зорчигчид яаруу сандруу гүйн орж, тэр хурдаараа гүйн гарцгааж харагддаг. Над шиг номоо дэлгэн зогсоогоороо тав гурван хором саатаад, тогтсон цагт хѳдлѳх нийтийн тээвэртээ яаравчлах ажилчдад зориулагдсан нь номын ѳрѳлт, нэр, агуулга зэргээс илт. Шоргоолз мэт ажилладаг хүмүүсийн хэрэгцээнд яв цав нийлэх зѳвлѳмж зѳвѳлгѳѳ сэлтээр элбэг байх юм. 

Мэдээж тэр долоо хоногт хамгийн их гүйлгээтэй номуудаа үүдэндээ залан, түүний энгэрийг “1” ийн тоогоор чимэж, элдэв хараа булаах гарчиг сэлтээр сэлбээд биднийг даллан дуудах мэтээр донжтой нь аргагүй байрлуулна.Миний авсан ном ч гэсэн тэрхүү ажилчдад онилогдсон агуулгатай ном байв. Т

а бид мэднэ дээ, япончууд хэт их ажилдагаараа дэлхийд тэргүүлэх улс. “Кароши” буюу хэтрүүлэн ажилснаасаа болоод мѳнх бусыг үздэг нийгмийн гажууд ѳвчлѳл ихтэй нэг талаар ѳрѳвдѳм улс гэхүү дээ. Тийм болоод, энэхүү эмгэгийг бага атугай нимгэлэх хүсэл эрмэлзлэлээс энэхүү ном бүтсэн байх. Энгийн ажилчинд ойлгогдох үг хэлээр учир зүйг тайлбарласан дэвтэр зайлшгүй хэрэгтэй гэж дүгнэн зохиолч номоо бичиж эхлүүлсэн гэж таамаглана.

ЦЭНГЭЛД ЯЛГАРДАГ даавар буюу ДОМАПИН аас гадна орчин үед хамгийн их судлагдсан зургаан тѳрлийн дааврыг танилцуулжээ уг номд. Бүгдийг буяныг бодон дэлгэн тайлбарлаваас бүхэл бүтэн ном болох тул түүнийг харгалзан ДОПАМИНААС гадна МЭЛАТОНИН гэх гормоныг чадлынхаа хэрээр ойлгомжтой тайлбарлан номын тэмдэглэлийг тѳгсгѳе.МЭЛАТОНИН бол нойрыг урин залах шидэт даавар билээ. 

МЭЛАТОНИН хангалттай сайн ялгарахгүйгээс үүдэн  нойрны эмгэг үүсэх ноцтой аюултай. Нойр сайтай байх ерѳѳс бүхий л амжилт бүтээл, эрүүл мэндийн үндэс бѳгѳѳд бидний хамгийн ихээр санаа тавих хэрэгтэй асуудал мѳнѳѳс мѳс.Бид ѳглѳѳ эрт босч их ажил амжуулах тухайгаа, хэрхэн зүтгэж тѳлѳвлѳгѳѳ биелүүлэх тухайгаа, ѳѳрѳѳр хэлбэл биеэ дайчлах тухайгаа хангалттай их боддог, бас хичээдэг. Гэвч сайн нойр аваагүй, ядарч сульдсан тархи энэ бүхнийг гүйцэтгэх хүчин чадлаар дутмаг байгааг анхаарч байлуу даа. Холын хол замыг нэг хурдаар туулахын тулд банк дүүрэн шатхуун хэрэгтэй шиг ѳдѳр тутмын жижиг зорилтуудыг бѳѳрѳнхийлэхийн тулд бидэнд тархи дүүрэн нойр хэрэгтэй.

Эх сурвалж: Номын тэмдэглэл