Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан тус суманд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа билээ.

38 настай эрэгтэй Б нь наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж идсэн байна. Тухайн өдрөө халуурсан бөгөөд өрхийн эмнэлэгтээ хандан үзүүлжээ.

Улмаар энэ сарын 3-ний өдөр дахин халуурч сумын нэгдсэн эмнэлэгт хандсанаар булчирхай томорсон, өндөр халуурсан өвчтөний дуудлагыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлжээ. Тухайн өвчтөнд халуурах, зүүн гарын булчирхай цочиж, 1.5-2 см хэмжээтэй томорсон зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн аж.

Тэгвэл уг иргэн тарваган тахлаар өвчилж нас баржээ.

Өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулахгүйн тулд тарвага агнахгүй, тарваганы мах түүхий эдтэй харьцахгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.