Peak.mn
01 сарын 17, 2020
ЛОНДОН. /TASS/. Канад, Афганистан, Их Британи, Швед болон Украин улс Иран улсаас Украины зорчигч тээврийн нисэх онгоцыг сөнөөснийхөө төлөө нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Энэ тухай Канадын Гадаад хэргийн сайд Франсуа-Филлип Шампань эдгээр улсын төлөөлөгчидтэй Лондонд уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.
“Ил тод, хараат бус олон улсын мөрдөн шалгалт явуулах ёстой. Иран улс онгоц сөнөөснийхөө хариуцлагыг бүрэн хүлээж, эмгэнэлт явдлын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний өмнө хүлээх үүргээ хүлээн зөвшөөрч, нөхөн төлбөр олгох ёстой” гэж тэрбээр хэлжээ.
Нөхөн төлбөрийн тооцооны механизмын талаар Шампань ярихдаа, "хохирсон орнуудын хувиар бид амиа алдсан хүмүүсийн ар гэрт олгох нөхөн төлбөрийг олон улсын хууль тогтоомжийн дагуу цаг тухайд нь олгоно гэж найдаж байна. Тийм ч учраас бид Ираны засгийн газраас олон улсын шинжээчдийг мөрдөн шалгах ажлын бүх үе шатанд оролцуулахыг хүссэн. Ингэснээрээ хохирсон орнууд, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс өөрсдийн хүссэн хариултаа авах, мөн буруутнуудыг шийтгэх боломжтой болно” гэсэн байна.
Уулзалтад оролцогсод мөн Иран улс өнөөг хүртэл хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байгааг сайшаажээ.
Дээрх таван улс ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлын явцын талаарх бүх мэдээллийг амиа алдсан хүмүүсийн ар гэрт шуурхай мэдээлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх тусгай бүлэг байгуулсан тухай Канадын Гадаад хэргийн яам урьд нь мэдээлсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.