УИХ-ын гишүүн, УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан өчигдөр Албан үүрэг өгүүлэх тухай албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлжээ. 

Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг хүслээ. Швейцарт мөнгөө нуусан улс төрчидтэй дотооддоо тэмцэх, тэдний эсрэг хуулийн арга хэмжээ авах нь Монгол-Швейцарын найрсаг харилцаанд харшилж байна гэх үндэслэлээр Оффшорын эсрэг зохицуулалт бүхий НАНБХАШЗАШЗУС тухай хуулийн үйлчлэлээс зарим улсыг хасч, улмаар тэнд мөнгөө нуусан улс төрчдийг аврах ажиллагаа улам эрчимжиж байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд оруулахаар болж. Худал мэдээлэл, ташаа үндэслэлийнх нь няцаалтыг өгч, эсэргүүцлээ илэрхийллээ" хэмээн нийтлэжээ.

Тус албан бичигт:

"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зохицуулалтын талаарх ташаа ойлголтын нэн даруй залруулж, Монгол Улсын дотоод дахь агуулга, ач холбогдолыг болон Татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр /BEPS/, мөнгө угаах, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын хамтын ажиллагааны зорилтуудтай нийцсэн болохыг Швейцарь болон гадаадын бусад улсад ойлгуулах албан үүргийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт өгнө үү.

Хуулийн хэрэгжилтийг хангуулж, тодорхой үр дүн гаргахыг зорьж буй энэ цаг үед "Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт"-ыг хэвээр үлдээж, Швейцар, Сингапур, Хонконгийг тус жагсаалтаас хасахгүй байх байр сууриа дахин нотолж байна" гэжээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.