УИХ-ын чуулган өнөөдөр 11 цаг өнгөрч байхад эхэлсэн. Чуулганы эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлж Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийн нэг болж буй Концессын гэрээний асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй гэж санал оруулсан юм. Энэ дагуу УИХ-ын чуулган концессын гэрээ, Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чангасан хэргийн талаар хэлэлцсэн юм. Чуулган завсарласны дараа Засгийн газрыг огцруулах мэдэгдлийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлийнхэнд хандаж дараах мэдээллийг хийлээ. 

 УИХ-ын ээлжит бус чуулган /2017.09.06/

Дэгийн тухай хууль зөрчсөн Чуулган боллоо

“УИХ-ын Дэгийн тухай хуулийн 38.2-т зааснаар Байнгын хороо асуудал хэлэлцсэнээс хойш долоо хоногийн дотор ээлжит бус чуулган зарлаж асуудлыг авч хэлэлцэх ёстой байдаг. Тэгвэл Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 11 цаг өнгөрч байхад эхэлсэн боловч хамгийн түрүүнд Үндсэн хуулийг зөрчсөн эсэх, Шадар сайд У.Хүрэлсүхийг чагнасан, тагнасан гэх хэргийг хэлэлцсэн байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн тодорхой асуудлыг авч хэлэлцэх ёстой, бусад асуудлыг авч хэлэлцэх ёсгүй байдаг байна. Үүний дагуу УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар хуралдана хэмээн захирамж гаргасан” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр цааш нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээ тайлбарлалаа. 


Концессын гэрээгээр 240 тэрбум төгрөг хууль бусаар олгосон гэв

Мөн концессын гэрээ зөрчиж их хэмжээний мөнгө хууль бусаар олгосон гэх асуудлын талаар ярихдаа “Өмнөх Засгийн газрын үед явуулж байсан концессын гэрээг үргэлжлүүлсэн гэж байгаа гэхдээ нэгдмэл ашиг сонирхолтой Засгийн газрын гишүүдийн аж ахуй нэгжүүдэд Засгийн газрын концессын эрхийг өгсөн. Өмнө нь өөр аж ахуй нэгжид өгсөн байсан концессыг булааж авч зогсохгүй төсөвт өртгийг нь олон тэрбумаар өсгөсөн.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын “МАК” компанид 78 тэрбум 752 сая 800 мянган төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын хамаарал бүхий “Засаг чандмань майз” компанитай162 тэрбум 169 сая 200 мянган төгрөгийн концессын эрх олгосон тухай асуудал юм.

Хоёрдугаарт, Төсвийн хууль болоод ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ноцтой зөрчсөн. Хүүхдийн мөнгө дээр Төсвийн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Засгийн газар анх хүүхдийн мөнгөнд босго тогтоож олгоно гэсэн. Дараа нь тодорхой босгоос зөвхөн доош өгнө гэсэн. Сонгуулийн өмнө төсөвт суулгалгүйгээр бүх хүүхдэд өгсөн гэтэл одоо бүх хүүхдэд мөнгө өгөх боломжгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна” гэсэн юм.

Эрдэнэс Тавантолгойн 49 хувийг гадны этгээдэд 400 сая ам.доллараар худалдахыг завдсан

Мөн “Эрдэнэс Тавантолгой” бол эдийн засгийн 5.3 хувийг хангаж байгаа гол обьектуудын нэг нь юм. Ерөнхий сайд 4-р сард 2017 оны эдийн засгийн өсөлт -0.2 байна гэж хэлж байсан. Үүний улмаас долоон төрлийн татварыг нэмж, тэтгэвэрийн насыг нэмсэн. Гэтэл эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна. Эрдэнэс Тавантолгойг бусдад борлуулах, бүрэн ашиглахыг завдсан. Үүнийг хийхдээ олон улсын Гэрээний тухай хуульд өөрчлөлт хийж, өөрөөр хэлбэл УИХ Үндсэн хуульд заасныхаа дагуу Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах эрхийг нь хасч, УИХ-д оруулахгүйгээр Эрдэнэс Тавантолгойн 49 хувийг гадны этгээдэд 400 сая ам.доллараар худалдах буюу борлуулах гэрээ хэлэлцээрийг хийхийг завдсаныг УИХ дээр бид зогсоосон. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед Олон улсын зээлжих зэрэглэлийг хоёр удаа дараалан бууруулсан. Өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэл САА1 буюу дампуурлын өмнөх үед авчирсан. Энэ явдлыг Ерөнхий сайдын чадваргүй, удаан байдалтай холбон тайлбарлаж болно.

Ж.Эрдэнэбат гишүүдийн саналыг худалдан авахыг оролдож байна

Мөн Ерөнхий сайд бүлэглэлийн эрх ашгийг явуулж, өнөөдөр улайран хамгаалж байгааг харлаа. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Намын бүлэг дээр олонхи хурал авахгүй гэж шийдвэрлэсэн. Мөн Ерөнхий сайд өөрийн суудлаа авч үлдэхийн тулд олон арга хэрэглэж байна. Гишүүдийн саналыг худалдан авахын санаархсан. Хууль хяналтын байгууллагынхныг дайчлан дарамталсан” гэсэн мэдээллүүдийг хэллээ.

Ээлжит бус чуулган /2017.09.06/