"Санал тоолох төхөөрөмжийг хакердахаар завдсан" гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн долоо хоногт "Тагнуулын ерөнхий газрын 11 ажилтанг ажлаас нь халсан" гэсэн мэдээлэл зарим мэдээлллийн хэрэгслээр гарсан. Мөн өчигдөр Хэвтүүл хөдөлгөөний зохицуулагч Цэрэнбат, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Чулуунбилэг, нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъяан нар хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэрээ сонгуулийн санал тоолох хар машиныг хакердсаныг олж мэдсэнээсээ болж тагнуулын байгууллагын 11 ажилтан халагдсан. Мөн нэр бүхий улстөрчид хар машиныг хакердах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх мэдээллийг хийсэн. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос өнөөдөр уг асуудлыг шалгаж хариу ирүүлнэ үү гэсэг албан бичиг ирүүлсэн. 

Тагнуулын байгууллагын 11 ажилтанг ажлаас нь халсан гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл. 

Санал тоолох төхөөрөмжийг Монгол Улсад 2012 оноос хойш ашиглаж байгаа. Шат шатны сонгуульд ашигладаг. Сонгуулийн бүрийн дараа гарсан маргааны дагуу тооллого хийх, гар тооллого явуулах зэрэгт ямар ч зөрчил гарч байгаагүй. Үүнд цагдаа, тагнуулын байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа. Санал тоолох төхөөрөмжид гаднаас халдах буюу "хакердах" ямар ч боломжгүй. 

Харин хар хайрцаг хакердана гэсэн аудио бичлэгтэй холбоотой асуудлыг тагнуулын байгууллагаас шалгасан. Өнөө өглөө цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээлэлд дурдагдсан өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдож байсан нэр бүхий иргэд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх буюу хакердах боломжтой гэж бусдад итгүүлэх замаар зохиомол байдал бий болгож, бусдад хамтран ажиллах санал тавьсан үйлдлийг шалгасан. 

Аль нэг нам, нэр дэвшигчдийн зүгээс уг иргэдэд итгэж мөнгө өгсөн, хакердуулахаар тохиролцсон зүйл тогтоогдоогүй. Уг этгээдүүд ч өөрсдөө тухайн төхөөрөмжид халдах боломжгүй гэдгийг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, энэ үйлдэл нь иргэдийн улс төрийн эрх чөлөөний эсрэг болон төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжгүй. Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн" хэмээлээ.