Х.Оргил
06 сарын 30, 2020
УИХ дахь “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл Т.Доржхандтай ярилцлаа.
-Та УИХ-ын гишүүнийхээ үнэмлэхийг гардаж авлаа. Спорт гуталтай төрийн ордонд орсныг зарим нь шүүмжилж байна. Учирыг лавлавал?
-Би сонгуулиар өмсөж байсан хувцастайгаа яваад орчихсон. Миний хувьд төрөө хүндэлсэнгүй гэж шүүмжилж байгаа хүмүүсийн шүүмжлэлийг хүлээж авч байна. Надад "Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ түр үнэмлэх олгоно. Ордны урд талын хаалган дээр очоорой" гэж хэлсэн. Тэгэхээр нь том арга хэмжээ зохион байгуулж, тайзан дээр дуудаж, үнэмлэх гардуулж өгнө гэж бодоогүй, СЕХ түр үнэмлэх өгөх юм байна аа гэж бодсон. Байгаа хувцастайгаа л яваад оччихсон. Гэтэл их том арга хэмжээ зохион байгуулсан. Яг үнэндээ хэзээ тангаргаа өргөх тухай мэдээлэл ч алга байна. Нөгөө талд би дэлхийн олон парламентийн ордон, байшинд орж зочилж байсан. Ийм хязгаарлалт тавих нь ховор. Манай төр арай л их хязгаарлалт хийдэг юм байна гэсэн бодолтой байна. Төрийн саарал ордон гадна талдаа хашаагүй, сайхан ногоон байгууламжтай, иргэндээ илүү нээлттэй, ээлтэй байгаасай л гэж бодож байна.
-Зарим нь өөрийгөө таниулах сурталчилгааны нэг арга хэлбэр нь юм болов уу гэж бодож байна?
-Яалаа гэж дээ. Үгүй тийм зүйл байхгүй.
-Нийгмийн сүлжээгээр спорт гутлыг чинь их сонжлоо.Хаанахын ямар пүүз вэ гээд нэртэй юутай нь зургийг нь хүртэл тавьсан харагдсан...?
-Өө мэдэхгүй. Би нэг их ойшоодоггүй ш дээ. Эхнэрийнхээ авсныг л өмсчихдөг. Сүүлийн таван жилд Хан уул дүүргийн Яармагтаа ажилласан. Тэнд хүмүүстэйгээ уулзаад хуушуураа идээд, чөлөөтэй, энгийн явдаг. Үүндээ дасчихжээ. Хүмүүс бас албаны хувцаслахыг надад зөвлөөд л байна. Маргаашаас зангиагаа зүүгээд, костюмаа өмсөнө дөө.
-Энэ сонгуульд хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан бол. Би сонгуульд өрсөлдсөн хүн бүрээс асуумаар санагдаад байгаа?
-Сонгууль маш үнэтэй байна. Манай тойрогт нэг нэр дэвшигчийн дээд зардал 650 сая төгрөг. Гурван хүн нийлээд явбал 2 тэрбум төгрөг болчхож байна. Гэтэл УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалин нэг сарын 1500 000 төгрөг гэхээр 40-60 сая төгрөг болж байна.
Ухуулагчийн зардал хамгийн багадаа 500 мянгаас нэг сая төгрөг болж байна. Их хэмжээний мөнгийг сонгуулийн үеэр фейсбүүк гээд Америкийн компани руу шилжүүлж байна. Жирийн үед 1-5 доллароор бүүст хийдэг бол сонгуулийн үед өдрийн 100 $-оор бүүст хийгээд явахгүй байна шүү дээ. Дээр нь хэвлэл мэдээллийн байгууллага асар их үнэтэй. Зарим ТВ-ийн нэвтрүүлэг 1 секунд нь 50 000 төгрөг гэж байна. Ийм мөнгөний сонгуулийг бид 30 жил хийгээд сурчихжээ. Мөнгөгүй бол ямар ч боломжгүй энэ системээс залуучууд айгаад дөлөөд байна. Өр тавьж байгаад сонгуульд өрсөлдөнө гэдэг нь эрүүл биш үзэгдэл. Тиймээс үүнийг өөрчлөхийн төлөө явна. Намын тухай, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөд намууд байр сууриа нэгтгэж ажиллахгүй бол болохгүй. Эрх баригч намтайгаа нилээд ярилцах, мэтгэлцэх ажлууд ар араасаа жагсаж байна.
-Өөрийн чинь хувьд хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан бол?
-300 гаруй сая төгрөгийн зардал гарлаа гэж санхүүгийн алба надад мэдэгдсэн. Эцэслэж гараагүй байна. Одоо хүртэл цалингаа дутуу тавьчихсан л явж байна. Эхлээд ухуулагчийн, дараа нь самбарны, сошиалын зардал орж байна.
-Хичнээн ухуулагч ажиллуулсан бэ?
-400-аад ухуулагч ажилласан.
-“Зөв хүн электорат” эвслийнхээ 53 нэр дэвшигчээс ганцаараа УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Гэхдээ ганцаараа сонгогдлоо?
-Монгол улсын гуравдагч хүчин, ялангуяа залуу шинэ улс төрийн хүчний төлөөлөл болж УИХ-д сонгогдсондоо баяртай байна. Нөгөө талд сэтгэл дундуур байна. Өндөр боловсролтой, ажлын туршлагатай салбар салбарын олон сайхан мэргэжилтнүүд төрийн сонгуульд өрсөлдлөө. Харамсалтай нь үр дүн гарсангүй. Олон залуучуудын урам хугарсан болов уу. Шалтгаан нь сонгуулийн системд байлаа. Дэлхийд байдаг хамгийн муу системийг авчраад монголынхоо хөрсөнд тавьчихсан. Дэлхийн 200-аад улсаас хоёрхон улс авч ашигладаг. Сири, Сьерра-Леон улс ашигладаг. Дэлхийн түүхэнд найман улс ашигласан байдаг. Үүнээс Тайланд, Филиппин хоёр улс үндсэн хуулиараа хориглочихсон. Учир нь нэгд намын төлөвшлийг, институцийг үгүй хийдэг. Хоёрт асар их мөнгөний сонгууль болдог. Гуравт шинэ улс төрийн хүчин, залуу улс төрчид танигдах, үр дүн гаргах боломжгүй тогтолцоо. Энэ гурван сөрөг үр дагавар нь саяын сонгуулиар батлагдлаа. Үр дүнд нь халуун сэтгэлээр эх орноо өөрчилье, шинэчилье гэсэн олон залуусын тэмүүлэл, ажил нь үр дүнгүй болчихлоо. Энэ залуустаа хандаж хэлэхэд битгий мохоорой, тууштай байгаарай, та бүгдэд энэ боломжийг нээхийн төлөө би тууштай ажиллана.
Намын хатуу гишүүнчлэл ямар айхавтар байдгийг залуучууд энэ сонгуулиас анзаарсан байх. Энэ сонгуулийн ялагдал өөрөөс хамаарсан ялагдал биш шүү.
-Өнгөрсөн парламентын түүхэнд нам, эвслүүд УИХ-д ганц суудалтай байсан түүх, туршлага олон. Ийм нөхцөлд үр дүн бага гэж үзэх нь бий. Өөрийн чинь хувьд сөрөг хүчний дуу хоолой болж үр дүнтэй ажиллах нөхцлийг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байгаа бол?
-Би бол Хөдөлмөрийн Үндэсний Намын Удирдах зөвлөлийн дарга, “Зөв хүн электорат” эвслийн Төлөөлөх зөвлөлийн дарга. Манай нам болоод эвслийн ар талд маш олон чадварлаг мэрэжилтнүүд бий. Салбар бүрийн хамгийн өндөр боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ Олон улсад, дотооддоо маш сайн ажилласан туршлагатай залуус бий. Тиймээс бид сайн бодлого боловсруулж, сайн бодлогын мэтгэлцээн хийж чадна. Парламент гэдэг бол бодлогийн мэтгэлцээний талбар гэж ойлгож байна. Би нам эвслийг төлөөлж байгаагийнхаа хувьд нэг хүн гэж харагдаж, ойлгогдохооргүй ажиллах болно.
-Ирэх жилүүдийн эдийн засгийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Монгол улсын түүхэнд тохиолдоогүй маш хэцүү эдийн засгийн хүнд нөхцөл байдал биднийг угтаж байна. Төсвийн орлогоо бид 30-40 хувиар алдчихсан. Ирэх 8 сард Хятадын зээлийн өрийг төлнө. Ийм үед Засгийн газраа аль болох хурдан эмхлэн байгуулах болов уу. Эдийн засагч хүнийхээ хувьд нилээд зөвөлгөө өгөх байдлаар ажиллана.
Хэрэв гүйцэтгэл муутай, буруу бодлого явуулах тохиолдолд маш хүчтэй сөрөг хүчин байж чадна. Энэ “Зөв хүн электорат” эвслийн хувьд багаараа институтцээрээ ажиллана. УИХ-ын нэг суудал маш үнэтэй олдсон. Тиймээс ч парламентийн түвшинд хууль, бодлогыг хэрхэн санаачилж судалгаа тооцоотойгоор боловсруулдаг, тэр нь яаж үр дүнд хүрч болдог гэдгийг харуулсан дөрвөн жил байх болов уу. Мөн олон сайхан залуучууд улс төрд оролцоотой байх үүд хаалгыг илүү томоор нээж өгөх, тийм хүсэл сонирхлыг тээж явах хатуу итгэл үнэмшил надад байна.
Ярилцсан сэтгүүлч Д.Даваадулам
“Байзнаарай. Хэдхэн хором” ярилцлагын булангаас
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.131.225.150] ・ 2020.07.31 Хариулах
энэ одоо яг юу хийж бүтээсэн юм бэ
Зочин [202.126.88.38] ・ 2020.07.02 Хариулах
Харж хүлээе. Итгэл даагаарай.
Зочин [202.126.89.69] ・ 2020.06.30 Хариулах
Хөгшин залуудаа байгаа юм биш, үнэнч ажиллаж чадах хүн л хэрэгтэй. Хоосон амлалт биш байгаасай гэж болож байна. 4 жилийн дараа л юу хийснийг нь харна. Өөдгүй тайлбар тавиад суулгүй, хийсэн бодитой ажилтай байвал сайнсан.
Санал болгох
1 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
2 Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна
3 Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
4 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
5 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг