Монголын эдийн засгийн чуулганы "Төрийн бүтээмжийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг МҮХАҮТ-д зохион байгуулагдаж байна. Тус хэлэлцүүлгийн хоёр дахь сэдэв "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл ба хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэтгэл" байсан бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн панелистаар оролцож, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр МҮХАҮТ 2004 оноос хойш 2 жил тутамд Хүнд суртлын индексийн судалгааг явуулж, төрийн байгууллагуудын хүнд суртлыг тэдгээрээс үйлчилгээ авдаг бизнес эрхлэгчдээр үнэлүүлж, гарсан үр дүнд шинжилгээ, харьцуулалт хийх, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах чиглэлээр бодлогын болон арга хэмжээний санал зөвлөмжийг танилцуулж ирсэн гэдгийг онцлоод хамгийн сүүлийн судалгааг 2021 оны 11, 12 дугаар сард явуулж, Танхимын гишүүн 751 аж ахуйн нэгжийг хамрууллаа. Хүнд суртлын индексийн Ерөнхий дүн 5 онооноос 2.42 гарсан нь цар тахлын дараах Шинэ сэргэлтийн талаар ярьж буй энэ үеийн индекс цар тахлын өмнөх үеэс буюу өмнөх судалгааны дүнгээс 0.1 пунктээр буурсан талаар танилцуулав.

Тус судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувь нь төрийн үйлчилгээ авахдаа дунджаар 6 бичиг баримт бүрдүүлж, 3 төрийн албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж байгааг тодорхойлжээ. Ингэхдээ 360 мянган төгрөгийн албан зардал гаргасан гэжээ. 

Түүнчлэн, Зөвшөөрлийн үйлчилгээ авах үйл явцын үнэлгээ нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээнээс бүх үзүүлэлтүүдээр бага үнэлгээтэй байна.

Мөн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх нь Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл бөгөөд эдийн засгийн салбаруудаар дагнасан Танхимууд байгуулагдах ХАҮТ-ын хуулийн шинэчлэлийг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэн шуурхай хэлэлцэхээр болсон аж.