Бичлэгийн аппликейшн Tik Tok өсвөр насны хүүхэд залуучууд руу чиглэсэн зүй бус бэлгийн чиг хандлагатай зурвас илгээгч хүмүүсийн хаягийг устгах оролдлого бүтэлгүйтжээ.

Тэд 9 орчим насны хүүхдүүдийн хийсэн бичлэгт ёс бус үг, бэлгийн чиг хандлага бүхий агуулгатай 100 гаруй сэтгэгдэл үлдээснийг олж илрүүлсэн байна.

Компанийн зүгээс тухайн сэтгэгдлүүдийг устгаж байх үед ч гэсэн хориотой агуулга бүхий зурвас бичсээр байсан аж. Уг асуудал дээр Tik Tok компани "Хүүхдэд ээлтэй аппликейшн орчинг бүрдүүлэх нь тэдний тэргүүн зорилго" гэж байр сууриа илэрхийлжээ.

Дээрх асуудлаар Англи улсын Хүүхдийн эрхийг хамгаалах төвийн төлөөлөгч Анне Лонфилд Tik Tok компанитай BBC агентлагийн мөрдөн байцаалтын үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргахаар мэдэгдээд буй.

Tik Tok-ийн албан ёсны төлөөлөгч BBC агентлагийн ярилцлаганы хүсэлтээс татгалзсан байна. Гэхдээ мэдэгдэлдээ “Бид өсвөр үе рүү чиглэсэн сөрөг сэтгэгдэл, зурвасыг хянахын тулд технологийн процессуудийг нэмэлтээр сайжруулж байгаа”  гэжээ.

Тэрээр “Хүүхдүүд аппликейшнийг бүхий л талаар хэрэглээсэй гэж хүсдэг, гэхдээ энэ асуудлыг нухацтай авч үзэх ёстой” гэсэн байна.

Tik Tok дэлхий даяар 500 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй гэдгээ мэдэгдсэн ч BBC агентлагт Их Британи улсын хэрэглэгчдийн тоог хэлэхээс татгалзжээ.


Сүүлийн 3 сарын турш BBC агентлаг өсвөр үе болон бага насны хүүхдүүдийн бичлэгт үлдээсэн бэлгийн ёс бус хэллэгтэй 100 гаруй сэтгэгдлийг илрүүлсэн аж. Tik Tok хэрэглэгчдийг олон нийтийн мэдэгдэл, нууцалсан зурвасаар насанд хүрээгүй хэрэглэгчдийг гутаан доромжлохыг хориглодог. Хэрэв энэ төрлийн агуулгыг мэдэгдвэл хуулийн заалтын дагуу арга хэмжээг авдаг журамтай юм.

Tik Tok-ийн хэрэглэгчид хэтэрхий балчир байна уу?

Энэ оны эхээр АНУ-ын зүгээс Tik Tok аппликейшнийг 13-аас доош насны хүүхдүүдийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан хэмээн буруутгаж 5.3ам.доллараар торгосон юм.

Уг  үйл явдал нь 13-аас доош насныхан Tik Tok аппликейшнийг хэрэглэх санамжийг үл тоож хэрэглэгчээр бүртгүүлж байгааг харуулжээ.

Торгуулиас үүдэн Tik Tok АНУ дахь хэрэглэгчдээсээ өөрсдийн насыг үнэн зөв тодорхойлохыг хүсэх болжээ. Харин Tik Tok Их Британи дахь хэрэглэгчдээсээ насны тодорхойлолт авч эхлэх бодолгүй байгаа аж.


Эх сурвалж: BBC

С.Ариунжаргал