ТикТок хаагдвал хэнд ашигтай вэ?

Н.Жавхлан
01 сарын 17, 2025

Өнгөрсөн онд АНУ-ын төлөөлөгчдийн танхим ТикТок платформыг хориглох хууль баталсан юм. АНУ-аас ТикТок платформыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэх үндэслэлээр уг хуулийг баталсан байна.  

Учир нь тус улсаас 170 сая гаруй хэрэглэгч энэхүү платформыг ашигладаг бөгөөд ByteDance хэрэглэгчийн мэдээллийг Хятадын засгийн газарт мэдээлбэл үндэсний аюулгүй байдалд эрсдэл учирна гэж үзэж буй.

ByteDance нь 2012 онд Хятад улсад байгуулагдсан технологийн компани бөгөөд ТикТок платформын үйлдвэрлэгч юм.  TikTok нь видео контент хуваалцах болон бүтээх зориулалттай бөгөөд өдгөө дэлхий даяар тэргүүлэгч цахим платформ болтлоо хөгжжээ. 

АНУ-ын төлөөлөгчдийн танхимаас тус улс дахь үйл ажиллагаагаа борлуулах, эс тэгвэл улс даяар хориг тавих болно гэх  шаардлагыг тавьсан бөгөөд шаардлагын хугацаа нь энэ сарын 19-нд дуусах юм. 

Хэрэв энэ хугацаанд амжиж шаардлагыг нь биелүүлэхгүй бол ТикТок платформ 170 сая гаруй хэрэглэгчээ алдах юм. 

Үүнээс гадна ByteDance нь АНУ-д Lemon8 болон Capcut зэрэг олон програмуудыг ажиллуулдаг бөгөөд үүнд ч нөлөөлж болзошгүй байдалд байна. 


Харин ByteDance үүний тухайд энэ хориг нь үг хэлэх эрх чөлөөг зөрчиж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Үүнийг АНУ-ын Дээд шүүх өнгөрөгч баасан гаригт уг маргааныг хэлэлцсэн байна. 

“TikTok-ийг ийнхүү хориглох нь томоохон технологийн өрсөлдөгчдөд асар том боломжийг үүсгэх нь. Тухайлбал Meta компанийн  эзэмшдэг Instagram Reels болон Google-ийн эзэмшдэг YouTube Shorts нь контент бүтээгчид, зар сурталчилгаа захиалагчдын хувьд хамгийн тохирох хувилбарууд болно" хэмээн “Insider Intelligence”-ийн шинжээч Жасмин Энберг дүгнэсэн байна.

Хориг тавигдахаас өмнө ТикТокоос дүрвэж буй иргэд "RedNote" гэх Хятад платформд сая саяараа шилжээд байна.

Нөгөө талаас дүгнэвэл энэхүү хориг нь контент бүтээгчдийн санхүүд саараар нөлөөлөх нь ойлгомжтой. Мөн хоёр улсын харилцаа төдийгүй улс төрийн хурцадмал байдал үүсэх магадлалтай томоохон хэвлэлүүд онцолжээ.

Холбоотой сэдвүүд

америк тикток

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.