Б.Энхжаргал: Цахилгаан хэрэгслээ нэгэн зэрэг ашиглахгүйгээр тогны төлбөрөө 50 хувиар бууруулж болно

ГАНБАТЫН БАТЗАЯА
12 сарын 01, 2023

“Тогоо тохируулъя 17:00 - 22:00 цаг” нөлөөллийн аяны нээлтийн үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Б.Энхжаргалтай ярилцлаа.  

Орой гэртээ орж ирэнгүүтээ зурагтаа асаана, давхар хоолоо хийнэ. Зурагт нь асаалттай хэвээр байгаа ч үзэхгүй. Магадгүй ус буцалгагчаа залгана, угаалгын машиндаа хувцсаа хийнэ гэх зэргээр ахуй хэрэглээнийнхээ тоног төхөөрөмжийг зэрэг зэрэг асаагаад ашиглаад байхаар оргил ачаалалд хамгийн гол нөлөө үзүүлээд байгаа юм. Хүн байхгүй өрөөнийхөө гэрлийг унтрааж, плитка, тоос сорогч, индүүгээ зэрэг ажиллуулахгүй байвал оргил ачааллын цагаар ахуйн хэрэглээний эрчим хүчнийхээ бараг талыг нь хэмнэж болно гэсэн үг.

Мөнгөн дүнгээр нь бодвол 40000 төгрөгийн цахилгааны төлбөр төлдөг айл 22000 төгрөгийг зарцуулах боломжтой. Сарын төлбөр нь 50 хүртэл хувиар буурна.

Тухайлбал, 380 мянган айл өрхийн 10 хувь нь буюу  38 мянган айл өрх нэгэн зэрэг индүү ажиллууллаа гэж төсөөлөөд үзье. Индүүний хэрэглээ 1500 ватт буюу цагт 1,5 кВт байдаг. 38 мянган өрх оргил ачааллын цагт индүүгээ зэрэг ажиллуулахгүй байвал 50 мегаваттын цахилгаан эрчим хүчийг хэмнэх боломжтой. 50 мвт гэдэг нь “ДЦС 3”-ийн хүчин чадлын 30 хувьтай тэнцэнэ.

Ямар их хэмжээний эрчим хүчийг ахуйн хэрэглээнээс хэмнэх бололцоотой вэ? гэдгийг хийсвэр байдлаар төсөөлөхөд ийм байна. 

Дээрээс нь бид шимэгч хорхой гэж ярьдаг ашиглахгүй байгаа залгуураа унтраах, гар утасныхаа цэнэглэгчийг залгаатай орхихгүй байх, шөнө унтахдаа зурагтаа залгуураар нь салгаад хэвшчихвэл 2-3 хувийн хэмнэлт гарах бололцоотой. Жилдээ 200 гаруй сая төгрөг хэмнэж болно. 

Мөн 72 мянган аж ахуйн нэгжийн оффисын хэрэгцээнд ашиглаж буй компьютер зэргийг цайны цаг болон амралтын үеэр унтраагаад хэвшчихвэл жилдээ 6,5 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгох боломжтой юм.

Энэ хэмжээгээр зардал бууруулахын зэрэгцээ эрчим хүчний асар их нөөцийг хэмнэж чадна.

Тохируулж хэрэглэе гэдэг агуулга бол хэрэглээгээ хязгаарла гэхээс илүү зөвхөн хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжөө ашиглая гэсэн санаа.  Өөрөөр хэлбэл та хоол хийж байх үедээ давхар угаалгын машинаа ажиллуулахгүй байхад л өвлийг хүндрэлгүй даван туулахад маш том хэмжээний тус дэм, нэмэр болно.


Эрчим хүч хэмнэх энгийн аргууд:

  • Ширмэн плиткаа индукцийн плиткаар сольсноор сард 8000 төгрөг хэмнэх боломжтой.
  • Эрчим хүчний хэмнэлттэй лед чийдэн нь энгийн улайсдаг чийдэнгээс 80 хувь бага эрчим хүч зарцуулна.
  • Ашиглаагүй гэрлээ унтраах, мэдрэгчтэй гэрэлтүүлэг ашиглах, цагийн реле тавих зэргээр гэрэлтүүлгийн зардлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой.
  • Эрчим хүчний үр ашигтай A, A+, A++ тэмдэглэгээ бүхийн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэнэ.
  • Үдийн цайны нэг цагийн хугацаанд нэг суурин компьютерийг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэнэ.
  • Компьютерийн дэлгэцийг ашиглаагүй үед нэг минутын дараа амрах горимд тохируулснаар эрчим хүч зарцуулалтыг 30 хүртэл хувь бууруулна.
  • Зөөврийн компьютер суурин компьютероос 5 дахин бага цахилгаан хэрэглэнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.