Токио хотод халдвар авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж сүүлийн хоёр өдрийн байдлаар 300-г давжээ. Иймд тус хотын захиргаанаас энэ сарын 23-ний өдрөөс эхэлж буй дараалсан дөрвөн өдрийн амралтаар аль болох гэрээсээ гарахгүй, гэртээ өнжихийг Токио хотын иргэддээ уриалав.

Токиогийн албаны хүмүүс халдварт өвчний мэргэжилтнүүдтэй уулзан, сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд хадгалж үлдээхээр шийдвэрлээд байна. Тус хотод энэ сарын 22-нд 295, 23-нд 366 коронавируст халдварын тохиолдол илэрсэн бол өнөөдөр 260 тохиолдол илрээд байна.

Токио хотын захирагч Ю.Коикэ "Хэрэв та гадагшаа гарах бол халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу. Мөн оршин суугчдыг аль болох гэртээ байхыг хүсч байна” хэмээн анхааруулжээ. 

Мөн Осака мужид уржигдар 121, өчигдөр 104 тохиолдол бүртгэгдэж, баруун бүс нутагт 3 оронтой тоогоор халдварын тохиолдол илэрч байгаа нь анхны удаа болж байна. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед Ерөнхий сайд Шинзо Абэ томоохон арга хэмжээнүүд зохион байгуулахыг 8 дугаар сарын эцэс хүртэл хойшлуулна гэж мэдэгдээд байна.


Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам