2020 оны Олимпын их наадам цар тахалтай зэрэгцэн их л хүнд нөхцөлд өрнөх гэж буй. Тэгвэл энэ жилийн Олимпыг зохион байгуулж буй Япон улсын талаар, Олимпын наадамд зориулан ямар бүтээн байгуулалт, шинэчлэлийг хийсэн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.


Япон улс зуны Олимпын наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна

Анх 1964 онд Япон улс Токио хотноо зуны Олимпыг зохион байгуулах эрх авч байжээ. Тухайн үеийн цаг агаарын байдлаас шалтгаалан Олимпыг 10 дугаар сард зохион байгуулж байсан ба Япон улсын хувьд жилийн энэ үеийг хамгийн таатай хэмээн үздэг юм.


Токио хот нь Олимпыг зохион байгуулсан Азийн анхны хот

1964 оны зуны Олимп нь Ази тивд зохион байгуулагдсан анхны Олимпын наадам юм. Тийнхүү 1972 онд Саппоро хотноо өвлийн Олимп, 1998 онд Нагано хотноо өвлийн Олимпыг тус тус зохион байгуулж байжээ. 2020 оны зуны Олимп нь Япон улсад зохион байгуулагдаж буй дөрөв дэх Олимпын наадам болж байгаа ба зуны Олимпыг хоёр удаа зохион байгуулсан Азийн анхны хот Токио болон түүхэнд үлдэх гэнэ.


1940 оны Олимпыг Токио хотноо зохион байгуулахаар төлөвлөж байжээ

1936 онд Токио хотыг 1940 оны Олимпыг зохион байгуулах орноор сонгож байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас ХБНГУ-ын Хельсинкийг зохион байгуулагч хотоор сонгосон боловч дайнаас шалтгаалан тухайн жилийн Олимп хөсөр хаягдсан юм.


2020 оны Олимпд спортын шинэ төрлүүд багтсан

Каратэ, скэйтбоардинг, спорт авиралт, сурфинг гэх спортын 4 төрөл энэ жилийн Олимпд анхны аваргаа тодруулах юм. Мөн 2008 оноос хойш зохион байгуулагдаагүй бэйсбол, софтболын төрлүүд ч энэ онд эргэн ирэх гэнэ шүү.


Олимпын цэнгэлдэхийг Кэнго Кума гэх уран барилгач зохион бүтээжээ

Анх Британи-Ирак гаралтай уран барилгач Заха Хадидын загвараар цэнгэлдэхийг барихаар сонгосон ч Кэнго Кума гэх эрхэм үнийн хувьд хамаагүй төсөр хийгээд үзэсгэлэнтэй хувилбарыг санал болгосноор түүний загварыг сонгожээ. Цэнгэлдэх нийт 200000 квадрат метр хэмжээтэй бөгөөд ердөө 157 тэрбум Иений өртгөөр боссон юм.


Япон үндэсний цэнгэлдэх буюу Олимп болох цэнгэлдэхийг барихад Япон улсын өнцөг бүрээс мод бэлтгэсэн

Архитектурч Кэнго Кумагийн загвар гэж хэн ч хараад танихаар тэрээр цэнгэлдэхийг гадна доторгүй модоор чимжээ. Тэрээр цэнгэлдэхийг салхи нэвтрэхээр нээлттэй барьсан бөгөөд агааржуулагчид найдалгүй сэрүүцэх боломжтой байлгахыг бодсон хэмээжээ. 


Энэ жилийн Олимпын наадам байгаль дэлхийд ээлтэй байхад анхаарсан

Байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг тусгахыг зорьсон энэ жилийн наадам 1964 оны Олимпын байгууламжуудыг дахин ашиглаж байгаа билээ. Түүнчлэн тамирчдын медаль гардан авах тавцан, ажилчдын дүрэмт хувцас, медаль зэргийг ч дахин боловсруулсан материалаар хийжээ. Мөн Олимп хотхоны ор ч картон цаасаар хийгдсэн бөгөөд наадмын дараа дахин боловсруулалтад орох гэнэ. 


Нийт 5000 медалийг ашиглагдахаа больсон электрон төхөөрөмжөөс дахин боловсруулан гаргаж авсан

Наадам болохтой холбогдуулан Япон улс ард иргэдээ өөрсдийн ашиглахаа больсон электрон төхөөрөмжүүдийг, жишээлбэл гар утас, Олимп болоод Паралимпикийн медаль үйлдвэрлэхэд хандивлахыг хүсжээ. Хандивын арга хэмжээ 2017 оны дөрөвдүгээр сараас 2019 оны гуравдугаар сарын хооронд хоёр жилийн хугацаанд зохион байгуулагдаж, нийт 78985 тонн хуучин төхөөрөмжүүдийг цуглуулсан ба 6.21 сая гар утсыг цуглуулсан байна.


Олимпын бамбар Сакура цэцгийн дэлбээг бэлгэдсэн

Олимпын бамбарыг дээрээс нь харвал Сакура цэцэг мэт харагдах бөгөөд өнгөрөгч гуравдугаар сар буюу Сакура дэлбээлэх цагаас эхлэн Япон улсыг тойрсон юм. Бамбарыг нэг хуудас металлаар хийсэн ба суман галт тэргийг угсрахад ашигладаг дэвшилтэт технологи ашиглан зохион бүтээжээ.


Олимпын наадмын бэлгэдлийг бага ангийн сурагчдаар сонгуулжээ

Олимп болоод Паралимпикийн бэлгэдлийг 16769 сурагчдын саналаар сонгосон байна. Тэднийг Мираитова болон Сомэйти гэх бөгөөд Олимпын бэлгэдэл Мираитова индиго хөх өнгөтэй бол Паралимпикийн бэлгэдэл Сомэйти Сакура цэцгийн ягаан өнгөтэй.

Эх сурвалж: Time Out