“Журам маш энгийн хэрэв тухайн ажилтан долоо хоногийн таван өдөрт зургаагаас дээш цаг унтвал түүнд компаниас цалин өгнө. Нэг оноо нэг иентэй тэнцэнэ. Таван өдөр дараалан нойроо зөв авбал 500 оноо, зургаан өдөрт 600 оноо буюу иен авна гэсэн үг. Харин долоо хоногийн турш өдөрт зургаагаас дээш цаг унтвал шууд мянган оноо авна. Нэг сарын турш зөв унтсан ажилтнуудад нэг мянган иенийн нэмэлт шагнал өгнө. Ингэснээрээ нэг сарын хугацаанд нэмж 5000 иенийн /50 орчим доллар/ орлого олж болно” гэж Японы “CRAZY” компанийн ажилтан Гораи ярьжээ.

“CRAZY” компани нь 2012 онд байгуулагдсан бөгөөд хурим зохион байгуулахад мэргэшсэн компани аж. 

Тус компани анх байгуулагдсан цагаасаа эхлэн ажилтнуудынхаа эрүүл мэндыг хамгаалахыг үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхтэй адил үндсэн зарчмаа болгож ирсэн гэж тус компанийн хэвлэлийн албаны төлөөлөгч онцлон ярьсан байна.

Ажилтнуудын нойрыг хянахын тулд гар утасны программ ашиглах аж. Уг программ нь өчүүхэн хөдөлгөөнийг бүртгэдэг учир хэрэв тухайн хүн орондоо унтахгүйгээр хэвтэж байвал унтсанд тооцохгүй аж. Программ мөн хэр гүн нойронд автсаныг тодорхойлж чаддаг байна. Эцэст нь бүх мэдээллийг компанийн удирдлагын төвд илгээж, оноог нь тооцох гэнэ.

Нойргүйдлээс үүдэлтэй асуудлуудад Японы эдийн засаг жил бүр 3 их наяд 500 сая орчим иен буюу ойролцоогоор 31 сая ам.доллар алддаг болохыг тус улсын Китасатогийн их сургуулийн эрдэмтэд тооцоолон гаргажээ.