Олимпын наадмыг бамбаргүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл Ц.Сандуй Ерөнхийлөгчтэй Монголын триатлоны холбооноос санаачлан МҮОХ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран “Токио-2020” олимпийн бамбарыг Монголын дөрвөн цэгт аялуулахаар төлөвлөжээ.

 

Энэ санаачилгын эхлэл болгон олимпын бамбарыг Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны Алтай таван богдод аялуулж, спорт, олимпизмыг олонд сурталчлав. Үүний сацуу тус аян Монгол Улсын хилийн №1 баганаас эхэлсэнд олон хүн бэлгэшээлээ. 

Эл арга хэмжээнд дээрх байгууллагууд болон ивээн тэтгэгчдийн төлөөлөл, хилийн цөөнгүй анги, заставын алба хаагчид, иргэд, жуулчид оролцсон юм. Аяныг зохион байгуулагчид Токиогийн олимпийн бамбарыг энэ жил Монголын хойд цэг болох Хөвсгөл аймгийн нутаг дахь Монгол шарын даваанд аялуулахаар төлөвлөжээ.

 

Мөн ирэх онд зүүн цэг болох Дорнод аймгийн Модот хамар уул, урд цэг болох Өмнөговийн Орвог гашууны бор толгойд аялуулж, олимпизмыг сурталчлах гэнэ. Олимпийн бамбарыг Монголоороо тэр тусмаа хил дагуу аялуулж байгаа нь их учиртай. Учир нь “Рио-2016” олимпийн наадмаас “Хилчин” спорт хорооны тамирчин Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ.