Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Япон улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг авчирч буй тусгай үүргийн онгоц 16.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 266 иргэн ирж буйгаас 14 нь нярай хүүхэд аж. Тусгай үүргийн онгоцонд нисэгч, үйлчлэгчид зэрэг нислэгийн багийн нийт 9 хүн, МХЕГ-ын Улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна. 

Зорчигчдыг Хараацайн жигүүр ХХК, Автобус-5 ХХК, Эрдэм транс ХХК, Тахилт транс ХХК зэрэг компанийн 8 автобусаар тусгаарлах эмнэлэг, байрууд руу тээвэрлэх юм.

Яг одоо зорчигчдыг онгоцноос нэг нэгээр нь буулган, ариутгал, халдваргүйжүүлэл хийж байна. Тэднийг хоёр ангилан буулгах бөгөөд эхний ээлжид яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй болон эрсдэлт бүсээс ирсэн иргэдийг буулгаж буй юм.