Төв банк банкуудаас 2023 оны дөрөвдүгээр сарын 13-наас 19-ний өдрийн хооронд санал асуулга хэлбэрээр сүүлийн гурван сарын хугацааны зээлийн шалгуур, нөхцөл, эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг цуглуулан нэгтгэж, тайлан боловсруулжээ. 

Банкны зээлийн төлөвийн судалгаанд нийт 12 банк хамрагдсан бөгөөд тухайн банкны зээлийн үйл ажиллагаа хариуцсан, шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнуудаас асуулга авсан байна.

Судалгааны үр дүнгээс товч танилцуулбал, 

Зээлийн шалгуур

•  Том банкууд өнгөрсөн 2, 3, 4 сард зээлийн шалгуураа бага зэрэг сулруулсан бол жижиг болон дунд банкууд зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна.

• Сүүлийн гурван сарын хугацаанд банкууд ерөнхийдөө зээлийн шалгуураа хэвээр нь хадгалах хандлагатай байсан аж.

Зээлийн нөхцөл

• Том банкууд өнгөрсөн 2, 3, 4 сард аж ахуйн нэгжийн зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулаагүй бол иргэдийн зээлийн нөхцөлөө бага зэрэг сулруулжээ. Харин дунд болон жижиг банкууд зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулаагүй байна.

• Сүүлийн гурван сарын хугацаанд банкууд зээлийн нөхцөлөө хэвээр хадгалах хүлээлттэй байв.

Зээлийн эрэлт

• Том банкууд дунд банкуудын зээлийн эрэлт өнгөрсөн 2, 3, 4 сард бага зэрэг нэмэгджээ. Харин жижиг банкуудын зээлийн эрэлтэд өөрчлөлт ороогүй байна.

• Сүүлийн гурван сард том банкууд зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа бол дунд болон жижиг банкууд зээлийн эрэлт өөрчлөгдөхгүй гэж үзжээ.

Зээлийн нийлүүлэлт

• Сүүлийн 3 сард том болон дунд банкууд зээлийн нийлүүлэлтээ бага зэрэг нэмэгдүүлэх төлөв ажиглагджээ. Харин жижиг банкууд зээлийн нийлүүлэлтээ хэвээр хадгалах хандлагатай байсан аж.