Тоёота мотор корпорац: Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгнө

Б.Баясгалан
07 сарын 08, 2020

Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Жил бүр наадмын түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгдөг. 

Энэ жил ямар зохион байгуулалтаар ажиллах талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

2019 оноос эхлэн олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “ТОЁОТА ЦОМ” гардуулах болсон. Өнгөрсөн жил ногоон гартаам суурьтай, уул, ус, үүлэн хээн дүрслэлтэй, мөнгөн аяга бүхий цомыг гардуулж байсан. “ТОЁОТА ЦОМ” шилжин явахгүй, тухайн жилийнхээ түрүү бөхөд насан туршид хадгалагдан үлддэгээрээ онцлогтой. Тиймээс ч энэ жил Монгол дарханы ур ухаанаас бүтсэн цалин мөнгөн “ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ”-ийг түрүү бөхөд гардуулах юм байна. Уг шагнал нь цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн “Дөрвөн хүчтэн” хэмээн нэрлэж ирсэн хангарьд, луу, бар, арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлгэшээж алтан шар нарыг дүрсэлжээ. 

“ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ” гардуулах ёслол долоодугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно.

Энэ жилийн хувьд Дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулахаар болжээ.

Түүнчлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран айрагдсан морьдын унаач хүүхдүүдэд сургалтын зориулалттай аппликэйшнуудыг суулгасан ухаалаг таблетыг бэлэглэнэ. Ингэхдээ даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга гэсэн зургаан насны морьдын айргийн тав болон баян ходоод, нийт 31 хүүхдэд бэлэглэж, оюун ухаан, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши онцолж хэлэв.

Мөн Улаанбаатар хотын баруун, зүүн товчоон дээр аюулгүйн самбар байрлуулах, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Аюулгүй наадъя” уриатай анхааруулга, зөвлөмжүүдийг хүргэж байгаа аж.

Энэ үеэр НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Тоёота компани нийслэлийн Эрүүл мэндийн газарт Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдсэн энэ хүнд үед автомашин гардуулах болсонд талархалтай байна. Энэхүү автомашиныг бид нэн шаардлагатай байгаа үйл ажиллагаандаа хэрэглэх болно. Тоёота компанийнхаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.