АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт ирэх зургадугаар сарын эхээр Сингапурт болох төлөвтэй байна. Энэ тухай телевизийн “Fox News” суваг мэдээлжээ.

"АНУ болон Умард Солонгосын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд болохгүй. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хаана, хэзээ уулзахаар болсноо би ойрын гурав хоногийн хугацаанд нийтэд зарлах болно" гэж Д.Трамп өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. АНУ-ын засаг захиргаанаас иш татан “Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, энэ сарын сүүлчээр юмуу ирэх сарын эхээр хийхээр төлөвлөсөн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох хамгийн өндөр магадлалтай газар нь Сингапур улс болоод байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг