Авилгатай тэмцэх газраас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Мэдээллийн үеэр "Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна" хэмээн мэдэгдсэн.

Тус мэдээлэл гарсны дараагаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хамаатан садан тус тендерийг авсан гэх мэдээлэл хэвлэлээр яваад буй юм. Энэ талаар сайд Ц.Даваасүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр сайд Ц.Даваасүрэн "АТГ-ын мэдээлэлд сайд болон түүний хамаатан уг тендерийг авсан гэсэн зүйл алга. Тиймээс энэ асуудалд миний нэрийг оролцуулж байгаа нь гүтгэлэг. Хэрэв миний гэр бүл, хамаатан садан нараас уг тендерийг авсан гэдэг нь тогтоогдвол би маргааш шууд өргөдлөө өгье. Зарим хүн зориуд АТГ-ын мэдээллийг гуйвуулж, далимдуулж миний нэр төрд халдах гэж байна. Ийм мэдээлэл өгсөн нэг сонинг өнөөдөр би цагдаагийн байгууллагад өгсөн. Яг манай яаманд ажилладаг хүмүүсээс ч уг тендерийг аваагүй байх гэж би бодож байна. Хамааралтай компаниудаас авсан байж болзошгүй. 

Өмнө нь би тендертэй холбоотой асуудалд холбоотой байж болзошгүй хоёр хүнийг ажлаас нь чөлөөлөх тухай албан бичгийг Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. Төрийн өмчийн хороо уг асуудлыг авч хэлэлцэхгүй өдийг хүрч байна" хэмээлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэе.