2017 онд цаазаар авах ял ногдуулсан тохиолдлын тоо өмнөх оныхтой харьцуулахад 20 хувиар буурчээ. Энэ тухай хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага мэдээлжээ.
 
2016 онд цаазаар авах ял ногдуулсан 3117 тохиолдол бүртгэгдсэн бол энэ тоо өнгөрсөн онд 2591 болтлоо буурсан байна.
 
Гэсэн хэдий ч энэ тоо баримтад Хятад улсад цаазаар авах ял ногдуулсан болон гүйцэтгэсэн нь тогтоогдсон тохиолдлын тоо орохгүй аж. Хятадад цаазаар авах ялын тухай мэдээлэл нь төрийн нууц юм.
 
Түүнчлэн цаазаар авах ял гүйцэтгэсэн тохиолдлын тоо хоёр жил дараалан буурчээ. Өнгөрсөн онд цаазаар авах ял гүйцэтгэсэн 993 тохиолдол бүртгэгдсэн нь 2016 оныхоос 4 хувь, 2015 оныхоос 39 хувиар тус бүр буурсан үзүүлэлт болсон байна.

“Цаазаар авах ялыг хэрэгжүүлэх нь сэтгэл түгшээсэн хандлагыг бий болгож байна. Хар тамхитай холбоотой хэргээр цаазаар авах ялыг ногдуулсан болон гүйцэтгэсэн тохиолдол нийт 15 улсад гарчээ. Ийм хэргээр цаазын ял гүйцэтгэх нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа юм. Ойрхи Дорнод болон Хойд Африкийн улсуудад хар тамхитай холбоотой хэргээр цаазаар авах ял гүйцэтгэлийн тоо хамгийн ихээр бүртгэгджээ. Харин Ази-Номхон далайн бүс нутаг дахь улс орнуудын олонхи нь ийм хэргээр цаазаар авах ялыг хэрэгжүүлсээр байна” хэмээн хүний эрхийг хамгаалагчид цохон тэмдэглэжээ.  




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг