Нийслэлчүүдийг 100 жилийн турш найдвартай усан хангамжаар хангах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно

Л.Дэлгэрмаа
05 сарын 20, 2024

Нийслэлчүүдийг 100 жилийн турш найдвартай усан хангамжаар хангах зорилготой Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтыг АНУ-ын Мянганы сорилтын  II Компакт гэрээний хүрээнд барьж буй. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2021 онд эхэлж, өдгөө ажлын явц 56 хувьтай үргэлжилж байна. 

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2025 онд ашиглалтад орох бөгөөд тооцоолж байгаагаар нийслэлийн ус хангамж даруй 50 гаруй хувиар нэмэгдэх аж.

Учир нь тус үйлдвэр нь Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. 

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт АНУ-ын Мянганы сорилтын корпорац 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Монгол Улсын Засгийн газар 111.7 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. 

Цаашид: 

- Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах

- Хаягдал ус дахин боловсруулах

- Усны салбарын тогтвортой байдлыг хангах гурван төслийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний дотор багтаан бүрэн хэрэгжүүлж дуусахаар төлөвлөжээ. 

Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр барьж, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулан, үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах дэвшилтэт технологи бүхий лаборатори байгуулна.

Тухайлбал Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж Дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ. Ингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх бөгөөд цаашид саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломж бүрдэх юм. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.