Буяндэлгэрийн Мөнхчимэг
03 сарын 17, 2026
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая ам.долларын санхүүжилт бүхий нийт 462 сая ам.долларын Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод барьсан хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд албан ёсоор нээлээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлийн усны хангамжийг нэмэгдүүлэх, газрын доорх цэвэр усны хэрэглээг бууруулах стратегийн ач холбогдолтой төсөл юм.
Одоогоор дулааны цахилгаан станцууд жилд 21 сая орчим шоо метр буюу нийслэлийн нийт усны хэрэглээний 24 орчим хувийг газрын доорх уснаас авч байна. Үүний 18 сая шоо метрийг хөргөлт, угаалга, үнс зайлуулах зэрэг үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигладаг.
Шинээр ашиглалтад орсон үйлдвэр нь Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн усаас өдөрт 50 мянган шоо метрийг авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлэх юм. Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр гүний цэвэр усыг орлуулах боломж бүрдэж байна.
Энэ нь Улаанбаатар хотын 100 гаруй мянган өрхийн жилийн усны хэрэглээний тал хувьд дүйцэх хэмжээний цэвэр ус хэмнэх дүнтэй бөгөөд жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний нөөцийг хамгаалж буйгаараа онцлог юм.
Мөн саарал усыг дахин ашиглах тогтолцоог нэвтрүүлснээр усны хэрэглээ илүү тогтвортой, олон эх үүсвэртэй болох нөхцөл бүрдэж байна.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төсөл нь зураг төсөл болон барилга угсралтын ажлыг хамтад нь гүйцэтгэх (design-build) гэрээний нөхцөлөөр хэрэгжсэн бөгөөд Монгол Улсад энэ төрлөөр анх удаа хэрэгжиж буй бүтээн байгуулалт юм.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан М-Си-Эс Проперти ХХК нь нийт 17 үндсэн барилга байгууламжийг барьж, инженер, техникийн 136 ажилтан, дотоодын 50 гаруй туслан гүйцэтгэгч компанийн 160 гаруй ажилтантай хамтран 45 сарын хугацаанд бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн байна.
Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд ирэх тавдугаар сард Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг мөн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Эдгээр төслүүд бүрэн хэрэгжсэнээр нийслэлийн ус хангамжийг нийтдээ 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх, газрын гүний усны нөөцийг хамгаалах, байгаль орчны тэнцвэрийг хадгалах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал нөхцөл бүрдэх юм.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.181.148] ・ 25 өдрийн өмнө Хариулах
Маш сайн төсөл.